АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба Америкт байнга оршин суух эрх олгох шаардлага, асуулгад өөрчлөлт орсныг зарлалаа. Зарим шаардлага, нөхцөлийг хасах, оршин суух эрх олгох үйл явцыг хурдасгах дээр өөрчлөлт оруулсан байна. “Асуулгыг шалгаж нягтлаж, цагаачлалын үйлчилгээ хүсэж байгаа хүмүүсийн ачааллыг багасгах нь манай агентлагийн зорилго” хэмээн Иргэншил, цагаачалын албаны мэдэгдэлд онцолжээ. АНУ-д хууль ёсоор оршин суух эрх авахын тулд сонгогдсон хүмүүс “Асуулга I-485” буюу байнга оршин суух бүртгэлийн өргөдлийг бөглөх ёстой болж байна. I-485 маягтыг бөглөсөн хүмүүс эрүүл мэндийн болон вакцинд хамрагдсан мэдээллээ I-693 маягтаар хавсаргана. Эрүүл мэнд, вакцины мэдээллээ хавсаргаагүй бол I-485 асуулгыг няцаах эрхтэй хэмээн Иргэншил, цагаачлалын албанаас анхааруулав. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн асуудалтай, шаардлагатай вакциныг хийлгээгүй бол улс оронд аюул учруулна хэмээн үзэж байнгын оршин суух эрх олгохоос татгалзах эрхтэй гэсэн үг. “Асуулга I-864” буюу эдийн засгийн баталгаа гаргахаас чөлөөлөгддөг асуулга байдаг. Ногоон картны хүсэлт гаргасан зарим хүн эдийн засгийн баталгаанаас чөлөөлөгдөхийн тулд нэмэлт асуулга бөглөх шаардлагатай (I-864) байсныг болиулж, ганцхан “Асуулга I-864”-ыг бөглөхөд хангалттай болж байгаа аж.