Оростой дайнаа зогсоож, асуудлыг нэг тийш шийдсэний дараа Украины Ерөнхийлөгчийн сонгууль болно хэмээн Володимир Зеленскийн Тамгын газрын дарга Андрей Ермак The Telegraph сонинд ярилцлага өгөхдөө онцолжээ. “Дайн зогсож, энх тайван тогтсон даруйд бид улс орондоо ардчилсан сонгууль явуулахад бэлэн. Ерөнхийлөгч Зеленский ийм байр суурьтай байгаа” хэмээн Ермак ярилаа. Харин Украины Ерөнхийлөгчийн сонгуульд Зеленский оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. В.Зеленскийн бүрэн эрхийн хугацаа энэ оны тавдугаар сарын 20-нд дууссан. Энэ онд болох ёстой байсан Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг дайны байдал, бүх нийтийн дайчилгааны улмаас хойшлуулсан юм. Төрийн тэргүүний сонгуулийг ийм нөхцөл байдалд явуулах нь цагаа олоогүй хэрэг хэмээн Зеленский тайлбарласан аж.