Facebook, Instagram-ийн толгой компани Meta АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампын тангараг өргөх ёслолд зориулж нэг сая доллар хандивлалаа. Дэлхийн хамгийн том сошл сүлжээний босс өнгөрсөн арваннэгдүгээр сард Флорида дахь Трампын Mar-a-Lago эдлэн дээр очиж Трамптай зоог барьсан юм. Д.Трамп 2017-2021 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Facebook нь иргэдийг өдөөн турхирах, засаг захиргааны эсрэг хөдөлгөхөд гол үүрэг гүйцэтгэж байна” хэмээн мэдэгдэж Зукербергтэй муудалцаж байв. Трамп томоохон сошл сүлжээний эзэдтэй харилцаагаа сайжруулж, шинэлэг хэв маягаар Америк орныг удирдах гэж байгааг хэвлэлүүд онцолж байна. Тэрээр өмнөх бүрэн эрхийн хугацаандаа Twitter (одоогийн Х сүлжээ)-ийг хамгийн сайн ашигладаг Ерөнхийлөгч байсан. Х сүлжээний эзэн Илон Маск Трампын шинэ засаг захиргаанд Төсвийг хэмнэх хорооны тэргүүнээр ажиллахаар болсон билээ. Meta компани 2020 оны Жо Байдений тангараг өргөх ёслолд мөнгө хандивлаж байгаагүй. Дональд Трампын тангараг өргөх ёслол 2025 оны нэгдүгээр сарын 20-нд болно.