Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төрийн нам
2024.12.16 16:29
1211
Ч.Өнөрбаяр: Төрийн дэргэдэх тусгай сангуудыг эргэж харах шаардлагатай

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн аравдугаар сард ажлын хэсэг гараад Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал болон иргэд, ААН-ээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж ажилласан. Холбогдох дүгнэлтүүд гарч албан шаардлагуудыг хүргүүлсэн. Мөн НЗДТГ-ын газрын албатай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажил хийсэн.

Жишээ нь Нийслэлийн газрын алба "Цагийн Эрч" гэх компанитай холбоотой хилийн цэсийн маргаантай гэдэг асуудал яригдаж байна. Нийслэлийн Засаг дарга 2020 онд газар давхардуулан олгосон байсан. Маргааныг нь шүүхийн шийдвэр тасалсан. Гэвч Нийслэлийн газрын алба энэ асуудлыг шийдээгүй явсаар байна. Энэ талаарх манайд гомдол өгсөн байсан. Тэгээд шалгатал, шүүхээс гаргачихсан шийдвэрийг зөв буруу тухай Засаг даргын тамгын газар дээрх зөвлөл шийдээд, хойшлуулаад байж байдаг. Тэд ингэх ямар эрх мэдэлтэй юм гээд хайвал хуулиар олгогдсон ямар ч эрх мэдэл, чиг үүрэг байхгүй.

Түүнчлэн 2022 онд УИХ-ын хоёр ч байнгын хорооноос давхардуулан газар олгодог асуудлыг цэгцэлж, хүндрэл бэрхшээл үүсгэхгүй байх талаар тогтоол гаргаж ч байсан. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын түвшинд энэ Нийслэлийн газрыг албанд удаа дараа үүрэг даалгавар өгч байжээ. Харамсалтай нь үүргээ хэрэгжүүлэхгүй байна.

Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар 1992 оноос 2024 он хүртэл 32 жилийн хугацаанд 55 тогтоол гаргаж, тогтоолоо 43 удаа өөрчилж, 26 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Нэмэлт оруулж косметик хагалгаа шиг юм хийж явсаар байгаад хөл толгой нь олдохоо байсан.

Боловсролын зээлийн сангаар өндөр хөгжилтэй орнуудад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцсан нийт 462 суралцагчийн 12 сая 635 мянга 722 ам долларын зээл 159 суралцагчийн 2 сая 941 мянга 237 ам долларын хүүгийн авлагатай байна. Үүнээс гэрээний үүргээ биелүүлээгүй 3 сая 438 мянга 11 ам долларын санхүүжилт авсан бөгөөд 147 зээлдэгчтэй холбоотой зээлийн эргэн төлөлтийн график нь байхгүй байна. Хуулиар эрх мэдэл олоогүй ажлын хэсэг, зөвлөлүүд их зүйлийг будилуулж, шударга бус зүйлийг бий болгодог юм байна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: