“Нүүдэлчин агро ферм” Төв аймгийн Баянхангай суманд 240 толгой саалийн үнээний сүүний кластер ферм-3 төслийг өнгөрсөн онд эхлүүлжээ. Төслийн хүрээнд сүүний танк, тэжээл холигч, автомат услуур, үхрийн зөөлөн хэвтэр тасалгаа зэргийг суурилуулжээ. Мөн цахилгаан дэд бүтцэд холбогдсон фермийн эзэмшлийн 5-15 га газар, гүний худаг, хашаажуулалт зэргийг цогцоор нь шийдэж өгчээ. Энэхүү төслийн хүрээнд 10 өрх хамрагдан, фермийн аж ахуй эрхэлж байна. Энэхүү төслийн гол ач холбогдол хотоос хөдөөг зорих залуусын сонирхлыг татаж байна. Энэ мэт ферм олноор барих нь хотын төвлөрлийг сааруулахаас гадна иргэдийг өдөр бүр орлоготой байлгах, хуурай сүүний импортыг орлох үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжихөд томоохон ач холбогдолтой юм. Ингээд төсөлд хамрагдсан фермер эрхлэгч Б.Оргилын гэр бүлээс тодруулга авснаа хүргэе.
Б.Оргилых хотын гэр бүл. Гэвч түгжрэлд , утаа, хөдөлгөөний дутагдал зэргээс татгалзан хөдөөг зорьж, төсөлд хамрагдан фермер эрхлэх болсноо "Бэлэн бизнестэй боллоо" хэмээн олзуурхаж байна.
Б.Оргил: Хотын утаа, түгжрэлээс зугтан ферм эрхэлсэн нь зөв шийдвэр байсан
-Анх фермерийн ААН эрхлэх шийдвэрийг хэрхэн гаргаж байсан бэ?
-Эхнэр бид хоёр 2019 онд анх фермийн аж ахуй судалж байсан ч урьдчилгаа мөнгө хүрэхгүйн улмаас тухайн үедээ энэ бодлоо орхиж байсан. Сүүлд дахиад фермер хийе гэсэнд эхнэр дургүйцаад хөдөө ажиллахгүй ээ гээд болдоггүй. Хотод сүүлийн хоёр , гурван жилийн дотор хотын түгжрэл, утаа нэг л болж өгдөггүй. Тэгээд л бид хоёр мал дээр фермерийн аж ахуй хийхээр шийдсэн. Бид хоёр өнгөрсөн наймдугаар сард гэр барьж гараад фермтэйгээ, үхэрнүүдтэйгээ танилцсан. Үхэрнүүд маань саалтуур руугаа өөрсдөө хүрээд ирдэг. Саалгуулчихаад гараад явчихна. Одоогоор 18 үхэртэй, дунджаар нэг үхэр нэг саальдаа 9 литр, өдөрт 18 литр сүү өгч байна. Одоохондоо үхэрнүүд маань гунж залуу байна. Ирэх жилээс илүү их үр өгөөжөө өгнөө.
-Шийдвэр гаргаад хөдөө ирсэн нь зөв сонголт байв?
-Манай эхнэр хотод төрийн байгууллагад ажиллаж байсан. Хотод хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөнө, түгжрэлд хамаг цагаа зарцуулж байсан. Гэтэл энд ямар ч утаа байхгүй цэвэр агаартай байна. Стресс байхгүй, гэр сургуулийн хооронд тав, аравхан минут л хангалттай.
Хотод би суугаа ажил хийдгээс нуруу их өвддөг, таргалалттай байсан. Гэтэл ферм дээр гараад би 20 кг жин хассан. Амьдралын зөв хэвшилтэй болсон. Учир нь орой 19.00 цагт саальтай учир тэрнээс наана хоолоо идэж, бэлтгэл ажлаа амжуулдаг. Саалийн дараа орой таргаа уугаад л унтана. Маш зөв шийдвэр байсан.
-Хүнсний хувьсгал санаачилгыг та хэрхэн харж байна?
-Хүнсний хувьсгал маш том дэмжлэг болсон. Мөнгө нь байвал тэжээл бэлэн байдаг болж. Гэхдээ бид хоёр өөрсдөө тарих сонирхолтой байгаа. Үхэр будаа, цагаан арвай, шар буурцганд илүү их мөнгө зарцуулдаг юм байна. Ирэх жилээс эндээ будаа тарьж үзье гэж бодож байгаа. үхэрнууд маань будаа их идсэнээс сүү сайн орно, тиймээс будаа тариалах нь хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Манайх кластер ферм учраас АПУ-ийнхан ирээд сүү авчдаг. Иймээс бэлэн бизнес л гэсэн үг.
Гэргий Б.Ундрал: Ганцаараа бид ийм ферм байгуулж чадахгүй байх байлаа
Барилгын мэргэшсэн төсөвчин мэргэжлээс урваж, хөдөө мал дээр гарна гэдэг мэдээж хэн хүний хийх зоригтой алхам биш. Гэхдээ энэхүү алхмыг хийснээрээ бизнес эрхлэнгээ цэвэр агаарт хүүхдээ өсгөн өөрсдийн гараар бэлтгэсэн сүү, цагаан идээг хүүхдүүддээ идүүлэх зэрэг олон давуу тал, ач холбогдолтой. Фермерийн аж ахуй эрхлэгч Б.Ундралаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танайх хэдэн үхэртэй байна?
-Одоогоор манайх 18 үхэртэй. Үхрийн аж ахуй эрхлэх нь анх бодсоноос хүнд байна. Гэхдээ хийж чадахгүй зүйл ч бас биш. Өөрсдөө дурлаад, махраад хийвэл болох, ирээдүй бизнес гэж харж байна.
-Анх эргэлзэж байсан гэсэн. Одоо шийдвэр нь хэр зөв байж?
-Тухайн үед би хотод барилгын мэргэшсэн төсөвчин хийж байснаас энэ салбарт орох сонирхолгүй байсан. Одоо бол дассаан. Бид зээлээр энэ бүхнийгээ авч байгаа. Зээлээ төлөөд дуусчихвал боломжийн салбар. Сард бид 10 гаруй сая төгрөгийн зээл төлдөг. Мөн үхрийн өвс тэжээл гээд нийтдээ 30 орчим сая төгрөг эргэлддэг. Өвөл сүүний урамшууллын үеэр бол тэр мөнгө л бидэнд ашиг болж ирж байна.
-Хүнсний хувьсгалын хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд ААН эрхэлж байгаа та бүхэнд хэр дэмжлэг болж очиж байна?
-Бодитой дэмжлэг болж ирж байгаа нь сүүний урамшууллын мөнгө байгаа. Бид үхрээ дор хаяж арван сар саадаг ч урамшуулал олгох таван сар. Өр зээлтэй байгаа цагт сүүний урамшууллын мөнгө бидэнд бодитоор дэмжлэг болж байна. АПУ жилийн дөрвөн улиралд нэг үнээр авдаг учраас улирлын чанартай үнэ өгсөж, буурдаггүй.
-Өөрсдөө фермер эрхэлж байгаагийн хувьд малын цэвэр бүтээгдэхүүн өөрсдөө хийж хэрэглэж байна уу?
-Манай үхрийн сүүний тослог өндөр, чанартай. Өдөр бүр өрөм, таргаа бүрээд уучихдаг. Бид өөрсдөө үхрэндээ эм, тариа тарихгүй учраас эрүүл, аюулгүй хүнс өөрсдөө хэрэглэж байна. Бид анх ирэхдээ ямар ч малын мэргэжилгүй ирсэн. Харин НАФ -ийн зүгээс байнгын сургалт явуулдаг.
-Хувиараа фермер эрхлэх, кластер сүлжээнд нэгдэхийн давуу тал, ялгаа нь юу байна?
-Бид улсаас хэрхэн хөөцөлдөж газартай болохоо ч мэдэхгүй. Манайх хойд талд дөрвөн га газартай. Тэндээ өнгөрсөн зургаан сард эрдэнэшиш тарьсан нь сайхан ургасан. Түүгээрээ үхрийн тэжээл хийсэн. Бид хэрвээ ийм хэмжээний ферм цогцоор нь барьсан бол үнэ өртөг өндөр тусна. Саалтуурыг нэг нэгээр оруулж ирэхээс эхлээд дангаараа бол чадахгүй л дээ. Тэгэхээр бүх зүйлийг цогцоор нь бэлдээд өгснөөрөө давуу талтай. Заавал үхрээ олон болгохдоо биш гарцыг нь сайжруулахад анхаарахад хэрэгтэй. Манайх 24 үхрийн зогсоолтой. Зургаан үнээний сул орон зай байгаа гэсэн үг.