Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.18 08:39
4402
Генерал Кирилловын аллагын хариуг барина хэмээн амлав

Москва хотод ОХУ-ын зэвсэгт хүчний Цацраг идэвхт, хими, биологийн хамгаалалтын хүчний удирдагч, дэслэгч генерал Игорь Кириллов алуулсны дараа ОХУ-ын дэд ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэл хийж “Украинд хариуг нь барина” хэмээн амлалаа. “Бандерын нацистууд, Украины улс төр, цэргийн гол лидерүүд шийтгэлээ амсах болно” хэмээн тэрээр Кирилловын гэр бүл, найз нөхдөд эмгэнэл илэрхийлэхдээ онцолжээ. Генерал Кириллов мягмар гаригийн өглөө Москва дахь орон сууцнаас гарч ирэхэд скутерт тавьсан бөмбөг дэлбэрч туслахын хамт амь насаа алдсан юм. Машиндаа суугаад хүлээж байсан жолооч нь амьд үлджээ. Украин улс энэ дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгийг тус улсын аюулгүй албаны эх сурвалж Ройтерс агентлагт уламжилсан байна. Москвагийн зүүн өмнөд хэсэг, Кремлээс 6.5 км-т болсон дэлбэрэлт нь террорист халдлага хэмээн ОХУ-ын Мөрдөн шалгар хорооноос мэдэгдэв.

Дэд ерөнхийлөгч Дмитрий Медведев “Оросын ард түмнийг айдаст автуулж, Оросын армийн довтолгоог зогсоох гэсэн энэ оролдлого бүтэлгүйтлээр төгсөх болно” гэж хэллээ. Тэрээр генерал Кирилловыг “Үүрэг хариуцлагадаа нугаршгүй үнэнч цэргийн лидер” хэмээн тодотгожээ. Генерал Игорь Кириллов ОХУ-ын зэвсэгт хүчний Цацраг идэвхт, хими, биологийн хамгаалалтын хүчнийг 2017 оноос хойш удирдаж байв. Энэ хүчний гол үүрэг нь Оросын цэрэг, армийг цацраг идэвхт, хими, биологийн зэвсгийн аюулаас хамгаалах. Гэвч мөн ийм хорлон сүйтгэх аргаар дайсандаа хор хохирол учруулах үүрэг, зорилготой байсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Кириллов АНУ Украинд биологийн зэвсгийн лаборатори байгуулсан, Ковид-19 вирусын гарал үүслийг шалган тогтоох ажлыг саатуулсан, шинэ цар тахал дэлгэрүүлэхээр бэлтгэсэн зэрэг баттай нотолгоогүй мэдэгдэл хийж АНУ-ыг буруутгаж байв. Украины хувьд орос генерал “хууль ёсны бай” байсан. Учир нь түүнийг “Украины армийн эсрэг хориотой химийн бодис хэрэглэх тушаал өгсөн дайны гэмт хэрэгтэн” хэмээн үзэж байв. Орос улс олон улсад хориглогдсон химийн бодисыг 4.800 удаа хэрэглэсэн хэмээн Украины нууц албанаас мэдэгджээ. Украины зэвсэгт хүчний 2.000 гаруй цэрэг дайны явцад химийн зэвсэгт хордож эмчлүүлсэн хэмээн Украины армийн хурандаа Артем Власюк ярьж байна. Гурван цэрэг химийн зэвсэгт хордож амь үрэгдсэн гэжээ. Их Британи генерал Кирилловыг хар жагсаалтад оруулж, гадаад дахь банкны дансыг нь царцааж, гадаад аялалд нь хорио тогтоож байв. АНУ өнгөрсөн тавдугаар сард Оросыг олон улсын хуулийг зөрчиж Украин дахь дайнд химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгасан ч Кремль үүнийг “Ямар ч үндэслэлгүй гүтгэлэг” хэмээн няцаажээ.