Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.12.19 10:11
1563
Ахмед аль-Шараа: Бид эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлнэ, тэд сурч, боловсрох ёстой

Сири улсын жинхэнэ лидер, Башар Асадын дэглэмийг түлхэн унагасан бососгчдын бүлгийн толгойлогч Ахмед Аль-Шараа “ВВС”-д өгсөн ярилцлагадаа “Сири улс дайнд туйлдаж ядарсан. Бид хөршдөө болон баруунд ямар ч аюул заналхийлэл учруулаагүй, учруулахгүй.

Сирийн эсрэг авсан хориг арга хэмжээг даруй цуцлах хэрэгтэй” хэмээн онцоллоо. Сирийн босогчдын эвслийн толгойд явсан “Хайят Тахрир аш-Шам” бүлгийг удирдан Абу Мухаммед аль-Жулани нэрээрээ алдаршсан Ахмед Аль-Шараа Сирийг 20 гаруй жил удирдсан Башар Асадын дэглэмийг түлхэн унагаагаад хоёр долоо хонож байна.

- “Хайят Тахрир аш-Шам” бүлгийг террорист байгууллага гэж үздэг. Террорист бүлэг Сирид эрх барьж байхад гадаад орнуудтай хэлэлцээ хийж чадах уу?

- Юуны түрүүнд манай бүлгийг террорист байгууллагын жагсаалтаас хасах хэрэгтэй. НҮБ, АНУ, Европын холбоо, Их Британи, Орос болон бусад улс орон “Хайят Тахрир аш-Шам” бүлгийг алан хядагч байгууллагын жагсаалтад оруулж байсан. Бид аль 2016 онд “Аль-Кайда”-гаас зайгаа барьж тусдаа үйл ажиллагаа явуулах болсон. Манай бүлэг террорист байгууллага биш. Бид энгийн номхон иргэдийг довтлоогүй. Үнэндээ бид бол Асадын дэглэмийн гэмт хэргийн золиос болсон хүмүүс. Золиос болсон хүмүүсийг түрэмгийлэгчид гэж үзэж, хандаж болохгүй.

- Сири улсыг ямар ирээдүй хүлээж байна вэ? Шариатын хууль ноёрхсон улс болно гэж ярих хүмүүс байна?

-Сирийг бас нэг Афганистан болгон хувиргах гэж байна гэдэг яриа бол худлаа. Сири, Афганистан хоёр өөр соёл, уламжлалтай, огт өөр улс үндэстэн. Афган бол омог аймгийн нийгэм. Сири бол огт өөр сэтгэлгээ, хандлагатай газар. Бид эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг, тэд сурч, боловсрох ёстой гэж үздэг. Идлибт их сургууль нээгдээд найман жил болж байна. Тэнд сурч байгаа оюутнуудын 60 хувь нь эмэгтэйчүүд.

- Жишээ нь, Сирид архи, согтууруулах ундаа зарахыг зөвшөөрөх үү?

- Би ярьж болохгүй, оролцож болохгүй зүйл олон байгаа. Тиймээс энэ асуудлыг хуулийн байгууллагад үлдээе.

- Сирийн Үндсэн хуулийг шинэчлэх үү?

- Хуульч, эрхзүйчдээс бүрдсэн хороог байгуулж байгаа. Тэд Сирийн шинэ Үндсэн хуулийг боловсруулна. Ямар Үндсэн хууль батлахыг тэд шийднэ. Ямар ч удирдагч, ерөнхийлөгч хуулийг дагаж, мөрдөх ёстой. Сирийн ирээдүй ямар байх, улс орныг яаж удирдахыг шинэ удирдагчид хэдэн сарын дараа харуулах болно.