Өнгөрсөн ням гаригт Бээжин хотын метро гурван шинэ шугамаар өргөжиж нийслэл хотын газар доорх тээврийн нийт урт 879 км-т хүрчээ. Ийнхүү Бээжин хот Хятадын томоохон хотуудаас метроны хамгийн том сүлжээтэй болоод байна. “Гурван шинэ шугам хотын зүүн-зүүн урд хэсгийг метроны сүлжээтэй холбож байгаа. Мөн зүүн хойд хэсгийн шугамтай огтлолцож байна.
Хотын энэ хэсгийн оршин суугчдад цаг хугацаа хэмнэх боломж гарч ирлээ” хэмээн Бээжингийн Тээврийн хорооны ажилтан Ву Юлан ярилаа. Өнөөдөр Бээжингийн метро 522 буудалтай, 98 нь шугамын огтлолцолтой буудал болжээ.
Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа Бээжин хот автозамын түгжрэлийг багасгаж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хурдасгаж, хялбарчлахын тулд метроны шугамыг өргөжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. 1969 оны аравдугаар сарын 1-нд метроны анхны шугам нээгдсэнээс хойш өргөжин тэлсээр нийслэлийн иргэдийн хамгийн их хэрэглэдэг тээврийн хэрэгсэл болжээ. Метроны шугам нэмэгдэж, нийт км уртассанаар хотын хөгжил, амьдралын чанарт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ву Юлан онцоллоо.