Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.19 14:50
1028
Ирэх оны нэгдүгээр сараас тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмнэ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, баталсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгав.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572.400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөнө.

Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгасан байна.