Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга В.Мөнгөнсүх нар болон бусад албаныхан Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллалаа.
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн нь 2018 онд монголдоо жишиг болсон эрдэм шинжилгээний лабораторийн барилгыг ашиглалтад оруулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаач эрдэмтдийн гаргасан өрсөлдөх чадвартай оюуны бүтээл 60 гаруй инновацын шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлжээ.
Мөн тус байгууллага нь ”Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Монгол Улсын хэмжээнд мал, амьтан нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болох халдварт паразиттах болон халдваргүй өвчнийг оношлох, эмчлэх сэргийлэх арга, технологи боловсруулах, салбар дундын үйл ажиллагааг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн нь Халдварт өвчин, дархлаа судлал, Вирус судлал, Эрүүл ахуй, ариун цэвэр, Эмгэг судлал, Молекул генетикийн лаборатори, Хачиг, шавж, эгэл биетэн судлал, Гельминт судлалын лаборатори, Малын бодис солилцоо, биохимийн лаборатори, Үржлийн эмгэг, даавар судлалын лаборатори, Төлийн физиологи, эмгэг судлалын лаборатори, Эм, хор судлалын лаборатори гэсэн нийт 11 лаборатори, Захиргаа, аж ахуйн нэгж, туршлагын жижиг амьтны Вивар, Биобэлдмэлийн цех, туслах аж ахуй бүхий бүтэцтэйгээр ажиллаж байна.
Цаашид өндөр технологийн шинэ вакцин, оношлуур, эмийн технологи боловсруулах, үйлдвэрлэх, инновацилах, дамжуулах чиглэлийн судалгаа шинжилгээг эрчимтэй өрнүүлэн үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлнэ гэдгийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид онцолж байв.
Тус байгууллага малын махыг химийн аргаар судлан, мал, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх, үйлдвэрлэгчдэд бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, дэлхийн зах зээлд гаргахад нь чиглэсэн шинэ арга технологийг боловсруулах төсөл, хөтөлбөрийг танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон албаныхан уг төслийг дэмжин, ”Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.