Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.12.23 12:52
1840
Л.Оюун: Гадаадаас ажиллах хүч авах нь хөгжлийн гарц мөн

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан бол ЗГ-аас   Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар эдгээр хуулийн төслийн талаар хэлэлцэх юм.  Гадаадаас ажиллах хүчин авах тал дээр иргэд эсрэг, тэсрэг байр суурьтай байна. 

ҮСХ-ны мэдээлснээр гадаадын хөдөлмөр эрхэлж буй хүний тоо  II улирлын  байдлаар 15600 байна гэсэн судалгаа байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар, нэгдүгээр улирлаас 92.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Манай улс ажиллах хүчний дутагдалд орсон нь үнэн ч нөгөө талаар монголоос гадаадад ажиллах хүсэлтэй, виза хүлээж буй иргэдийн урт дараалал үүссэн. Үүнээс харахад ажиллах хүчин яг дутсан уу эсвэл ажиллах хүчний харьцаа алдагдсан уу гэдэгт гол зангилаа нуугдаж байна.  ҮСХ-ны мэдээлснээр энэ оны гуравдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.1 хувьтай байна. Энэхүү тоо Монголдоо ажиллах иргэдийн цалин, ажлын нөхцөл зэргийг сайжруулах, эндээ үлдэх боломж бололцоогоор хангахад ч төр засаг анхаарах шаардлагатайг харуулж байна. Тэгвэл энэхүү хуулийн төслийн талаар эдийн засагч доктор Л.Оюунаас тодрууллаа.

-Гадаадаас ажиллах хүчин авах, шилжилт хөдөлгөөний талаарх хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хуулийн төслийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Болно гэж бодож байгаа. Гагцхүү дараа нь энэ ажлыг зохицуулах хууль эрх зүйн орчныг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Гадны ажилчдыг ажиллуулж хөгжсөн амжилттай туршлага байна. Тухайлбал Арабын нэгдсэн Эмират улс энэ жишгээр хөгжсөн.   Тэрхүү туршлагыг судлаад монголдоо суурьшуулах арга хэмжээг цуг авч явах хэрэгтэй гэж бодож байна. Ажиллах хүч дутаж байгаа нь үнэн. Тэрхүү дутаж байгаа хүчийг гадны ажилчид нөхөөд, хөгжихөд туслах боломж байгаа. Асуудлыг ганцхан өнцгөөс хараад байж болохгүй.  

-Хятад ажиллах хүчин ихээр орж ирнэ гэх хардлага төрж, үндэсний аюулгүй байдал алдагдана гэх болгоомжлол иргэдэд байна. Иймээс ч эсэргүүцэж байх шиг?

-Тэр болгоомжлол  яалт ч үгүй байх хэрэгтэй. Тиймээс л яаран хуулиа батлахгүйгээр ажлын хэсэг гарч, бүх талаас нь судалаж, ажиллах хүч орж ирэх нөхцлийг нь маш тодорхой болгох хэрэгтэй. Энэ бол тусгаар тогтнолын асуудал мөн. Гэхдээ судалгаанд үндэслэж нямбай хууль батлах хэрэгтэй.

Манайхан гадныхан гэхээр болохгүй, бүтэхгүй гэх чагт тавьчихаад, урагшаа хөгжихгүй гацчихаад байна. Бид ажиллах хүчийг зөвхөн хятад ажилчид гэж харж болохгүй. Өөр орноос ч хүн орж ирнэ.

Бидэнд мэргэжилтэн хэрэгтэй. Харин ямар ч судалгаагүйгээр энэ хуулийг шийдэж болохгүй. Тийм болохоор аль салбарт гадны ажиллах хүч орж ирэх вэ гэдгийг сайтар судалгаа хийж, тэрхүү судалгаанд үндэслэн хуулийн төслөө баталвал болохгүй зүйлгүй. Бид дотооддоо судалгаа хийж гаргах бүрэн боломжтой чадавхи байгаа. Судалгаанд суурилахгүйгээр сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийддэг цаг өнгөрсөн.