Ганцхан хоногийн зайтай өргөн барьсан агуулга ижил хуулийн төслөө УИХ-ын гишүүн ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан хамгаалж үлдэх үү...
Арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын гишүүд "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч ард иргэдийн шүүмжлэлтэй тулгарч, судалгаа тооцоолол сайн хийгээгүйдээ хүлцэл өчин хуулийн төслөө эргүүлэн татав. /2024.12.23/
Харин арванхоёрдугаар сарын 19-нд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Засгийн газраас Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг” УИХ-д өргөн барьсан юм.
Тус хуулийн төслийн талаар ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан: “Монгол Улсад ажиллах хүчний хомсдол бодитойгоор бий болсон. Ирэх дөрвөн жил 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд 280 мянган ажлын байр бодитоор бий болно. Гэтэл жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол бий болж байгаа гэсэн тооцоо бий. Иймд ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байгаа барилга, замын салбар буюу улирлын чанартай ажилд гадаадаас ажиллах хүч авах процессыг хялбарчилна” гэв.
Өнөөдөр эргүүлэн татсан хуулийн төсөлтэй агуулга нэг Л.Энх-Амгалан сайдын хуулийн төслийг энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы хэлэлцэнэ.