Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.12.24 12:18
2801
Л.Энх-Амгалан: Өчигдрийн жагсаалыг Х.Баттулга, МоАХ-ноос зохион байгуулсан

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцсэн иргэд жагсаал хийсэн. Харин тус асуудлын талаар өнөөдөр ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан: Жагсагчдын зүгээс өчигдөр шаардах бичиг өгсөн. Тиймээс тэдний төлөөлөлтэй уулзах гэсэн боловч нэг нь ч орж ирсэнгүй. Тэр хүмүүс Ардчилсан холбооны байран дээр байгаа байх. Тус жагсаалыг Монголын Ардчилсан холбооноос зохион байгуулж байгаа. Х.Баттулга болон Л.Мөнхбаясгалан гишүүн нар тус холбоонд  харьяалагддаг. Энэ хүмүүс хүрч ирээд энэ тайлбарыг сонссон бол зүгээр байсан юм. 

Санаатайгаар мушгин гуйвуулах, өргөн бариагүй хуулийг өргөн барьсан мэтээр иргэдэд ойлгуулсан увайгүй үйлдэл гаргасан. 

П.Сайнзориг гишүүн гурван хууль өргөн барьсан. Манай улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны хувь хэмжээг тогтоохгүй байх, гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай гэсэн хуулийг өргөн барьсан.

Уул уурхай, газрын тосноос бусад салбарт 2026 он хүртэл Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо хувь хэмжээг тогтоохгүй байх бөгөөд энэ хугацаанд гадаад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө гээд 2 жилийн хугацаанд ажиллах хүчнийг царцаах хууль байсан.

Тиймээс тус хуулийг УИХ дэмжээгүй. Миний хувьд ХЗДХ-ийн сайдаар дамжуулж дэмжихгүй байх саналаа өгсөн. 

Гэхдээ Сайнзориг нарын хуулийг дагаж хоёр хууль орж ирсэн. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хуульд өөрчлөлт оруулах. Квотыг, ажлын байрны төлбөрийг цаашид УИХ тогтоох. Мөн зөрчлийн тухай хууль дээр өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан.

Зөрчлийн хуулиар бид гадаадаас хууль бусаар ажилтан авчирч байгаа аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцож чадахгүй байгаа. Гадаад ажилчдын цалинг өгөхгүй байх, гадаад руу Монгол иргэдийг өндөр цалинтай ажилд оруулна гэж хууран мэхлээд урьдчилгаа аваад залилж байгаа хөдөлмөр зуучлалын компаниудад хариуцлага тооцох хууль байсан.

Гэвч дэмжигдээгүй. Мөн ажлын байрны квот, ажиллах байрны хөнгөлөлт хоёрыг бид тусдаа ойлгох ёстой. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль дээр бид таван заалтыг өргөн барьсан. Үүн дээр квот хөндөгдөөгүй. 

Шууд дамжуулалт: