АНУ-д гахайн эрхтнийг хүнд суулган туршиж эхэлснээс хойш туршилт явуулж буй эмнэлгүүдийн утас завгүй хангинаж, цахим шуудан нь овоорч эхэлжээ. Яг ямар эмчилгээ хийж, ямар шаардлага хангасан эрхтнийг хүнд суулгаж байгаа талаар мэдээлэл авах гэсэн хүмүүс маш их болж ирсэн аж.
Луисвил хотын иргэн Алекс Берриос эрхтэн шилжүүлэх мэс засалд дахин орорх хэрэгтэй болсон ч түүнд эрхтэнээ өгөх хүн-донор олдоогүй тул гахайн эрхтэн авахаар болжээ. “Амьтны эрхтэн шилжүүлэн суулгаад ажиллахгүй байж магадгүй. Гэхдээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо. Туршаад үзэх л хэрэгтэй боллоо” хэмээн Берриос ярьж байна.
Шилжүүлэн суулгах донорын эрхтэн ихээхэн дутагдах болсон тул Америкийн хоёр фирм 2025 онд гахайн бөөр, зүрхийг хүнд шилжүүлэн суулгах туршилтыг эхлүүлэхээр шийджээ. Гахайн эрхтэн хүнд таарч тохирох эсэхийг судалж байх зуур энэ мэс засалд орохыг хүссэн сайн дурынхны жагсаалт зузаарсаар байна.
Эмч, эрдэмтэд амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах гэж олон жил оролдсон ч амжилт олоогүй. Гэсэн хэдий ч анагаах ухааны шинэ ололтын ачаар хүний дархлааны систем амьтны эксоген эсийг таньж шууд довтлохоос зайлсхийхийн тулд гахайн эрхтний генетикийг өөрчлөн хувиргах болжээ. Одоогоор амьд үлдэх өөр ямар ч сонголтгүй болсон таван америк иргэн генетикийн хувьд өөрчлөлтөд орсон гахайн эрхтэн аваад байна. Гахайн эрхтэн авсан өвчтөнүүдээс хэн нь ч хоёроос илүү сар тэсээгүй. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сард Нью-Йоркийн их сургуулийн эмнэлэг дээр гахайн бөөр суулгуулсан эмэгтэйн бие илт сайжирч байгаа мэдээ донорын эрхтэн хүлээж байгаа өвчтөнүүдэд найдвар төрүүлээд байна.
Ийнхүү сайн дурынхан дээр туршилт явагдаад эхэлсэн ч АНУ-ын Хоол хүнс, эм бэлдмэлийн захиргаа (FDA) “Туршилтыг эхлээд сармагчин дээр явуулах ёстой” хэмээн шаарджээ. Нью-Йоркийн их сургууль, Алабамагийн их сургуулийн мэс засалчид эхлээд гахайн эрхтнийг дөнгөж нас барсан хүмүүс дээр суулган туршиж үзсэн аж.