Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан журам батлагдсан. Журмаар торгуулийн аргачлалыг хэрхэн бодох, хэрхэн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зохицуулж өгсөн байна. Энэ хуулийн зохицуулалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм. Хуульд заасан хугацаанд сайн дураараа торгуулиа төлөөгүй буюу 15 хоногийн дотор төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. Хэрвээ торгууль нь нэмэгдээд 450 мянган төгрөг хүрсэн бол цагдаагийн байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргах аж. Тиймээс тус асуудлын талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа.
- 2025 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлөөгүй бол жолоодох эрх хасах, тээврийн хэрэгслийг журамлах, албадан ажил хийлгэх зэрэг албадлагын арга хэмжээг авч эхлэхээр болсон. Тус асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү
- Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тухайн хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улсын ерөнхий прокурор болон хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан журам батлагдсан байдаг.
Тухайн журмаар торгуулийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх, нэмэгдэж байгаа аргачлалыг бодох зэргийг журамлаж өгсөн. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд, хуулиар хариуцлага тооцуулсан иргэн хуулийн хугацаанд буюу 15 хоногийн хугацаанд торгуулиа төлвөл 50 хувиар хөнгөрдөг.
Харин 16 дахь хоногоос эхлээд графикаар нэмэгдээд эхэлдэг. Тодруулбал сар бүр 10 хувиар нэмэгддэг. Энэ нь 5 сарын дараа гэхэд 50 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.
Тухайн жолоочийн торгууль хугацаа хэтэрсэн, төлөгдөөгүй байгаа гэдгийг тухайн иргэний бүртгэлтэй дугаар болон И-Монголиагаар тогтмол мэдээлнэ.
Тухайн иргэн торгуулиа төлөхгүй яваад байвал төрийн зарим үйлчилгээ авах эрх нь хязгаарлагдаж эхэлнэ.
Жишээлбэл, Тээврийн хэрэгслийн жолоодох үнэмлэх авах, ангилал нэмэх, ангилал даруулах, хаясан гээсэн үнэмлэхээ ахин авах, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх зэргийг хязгаарлана. Мөн замын хөдөлгөөнд оролцоод явж байвал тээврийн хэрэгслийг түр журамлах юм.
Мөн тухайн иргэний торгууль 450 мянган төгрөгөөс дээш болсон байвал цагдаагийн эрх бүхий албан тушаалтан шүүх руу хүсэлт хүргүүлнэ. Шүүх тухайн иргэнд нийтэд тустай ажил хийлгэх хариуцлагыг оногдуулна. Тус ажлыг нэг өдрийн найман цагаар 15 нэгж буюу 15 мянган төгрөг байхаар тооцно.
Жишээ нь, 450 мянган төгрөгийн торгуультай иргэн байлаа гэж бодоход 30 хоног нийтэд тустай ажил хийнэ. Насны доод хязгаар 18 нас. Дээшээ эмэгтэй бол 55, эрэгтэй бол 60 нас гэж заасан байгаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдийг нийтэд тустай ажил хийлгэхгүй байхаар зааж өгсөн.
Шууд дамжуулалт: