Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.26 13:37
507
Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ сарын 29-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлнэ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан. Тэгвэл энэ сарын 25-ны орой 09:00 цагт туршилтын галлагааг хийж эхэллээ. Галлагааны үйл явц амжилттай болсны дараа синхрон буюу төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбох ажлыг гүйцэтгэнэ. Улмаар 12 дугаар сарын 29-нд төвийн эрчим хүчний системд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эрчим хүчийг нийлүүлж эхлэх юм. Ингэснээр Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийгдэхгүй байх нөхцөл бүрдэнэ.

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээний талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх том зорилгыг 2024 онд ганцхан жилийн хугацаанд биелүүллээ. Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц туршилтын галлагаагаа хийгээд эхэлсэн. Туршилтын галлагааны дараа энэ сарын 29-нд төвийн эрчим хүчний системд холболт хийж, эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй явах боломж бүрдэнэ. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 12 дугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагийн ачааллыг хуваалцаж байна” гэлээ.

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй. Эхний блок ийнхүү 2024 ондоо багтаж ашиглалтад орсон бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2.1 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой болно.