Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хийх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилтыг дэвшүүлсэн.
Тэтгэврийн шинэчлэлийг өнөөдрөөс бодитойгоор эхлүүлж, даатгуулагч бүр “ХАГАС ХУРИМТЛАЛЫН НЭРИЙН ДАНС”-тай боллоо.
Өөрөөр хэлбэл Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.2 сая даатгуулагч бүр “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болж нийт 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлал үүслээ.
Энэ хүрээнд 2024 оноос даатгуулагчийн нэрийн дансныг мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг үүсгэж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх 1.0%, даатгуулагчийн төлөх 1.0%, нийт 2.0%, мөн сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын 2.0%-ийн шимтгэлийг хуримтлуулж эхэллээ.
Даатгуулагч та “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-ын мэдээллээ төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээр харах боломжтой.
Мөн нийгмийн даатгалын байгууллагын цахим систем portal.ndaatgal.mn цахим систем болон гар утасны “nDaatgal” aппликейшний “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс харах боломжтой.