Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтай утсаар ярьж арванхоёрдугаар сарын 25-нд Оросын агаарын орон зайд эмгэнэлт явдал болсонд харамсаж буйгаа илэрхийлжээ. Грозныйд ослын буулт хийх оролдлого хийж байсан Азербайжаны авиа компанийн нисэх онгоц Казахстаны Актау орчимд унаж 38 зорчигч амиа алдсан юм. Кремлийн удирдагч амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, гэмтэж бэртсэн хүмүүсийг түргэн эдгэрэхийг хүслээ.
Нисэх онгоц осолдох үеэр Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажиллаж байсныг Путин хүлээн зөвшөөрчээ. Онгоц Грозный хотын нисэх буудалд газардах гэж хэд хэдэн удаа оролдсон, энэ үеэр Грозный, Моздок, Владикавказ хот Украины дроны довтолгоонд өртөөд байсан тул агаараас эсэргүүцэн хамгаалах систем нь идэвхжсэн байсан хэмээн Путин ярьжээ. Гэсэн хэдий ч онгоц хамгаалалтын системийн золиос болж унасан гэж хэлсэнгүй.
J2-8243 нислэгийн онгоц Оросын өмнөд нутгаас зам хазайн явж байхдаа осолдож унажээ. 38 зорчигч амь үрэгдэж, 29 хүн амьд үлдсэн юм.