Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
2024.12.30 12:04
1544
Украйнчуудын 90 хувь нь ялалтад итгэж байна

2022 хоёрдугаар сарын сүүлчээр Оросын арми Украйн руу нэвтэрч орсноос хойш гурав хоногийн дараа Украины социологийн судалгааны “Рейтинг” төв дайны талаар санал асуулга явуулж байв. Дайн эхлээд бараг гурван жил өнгөрч байхад тус төвийн тэргүүн Алексей Антипович энэ хугацаанд цуглуулсан материал, туршлага дээр үндэслэн Украины нийгэм хэрхэн өөрчлөгдсөн, тэдний мөрөөдөл, хүсэл, айдас юу болох талаар ВВС-д ярьж байна.

- Укрианы нийгмийн байдал, сэтгэл зүй өнөөдөр ямар байна вэ? 2022 онд эх орноо хамгаалах үзэл, бахархал их байсан. 2023 онд үл итгэх байдал, тодорхойгүй байдал, эргэлзээ газар авсан...?

- Украинуудад хамгийн түрүүнд илэрч байгаа сэтгэл зүй бол найдвар. Украйн хүн бол тэр чигээрээ өөдрөг үзэл. Бүх юм сайхан болно, дайнд ялна, ялахгүй бол улс орноо хамгаалан тэмцсэн хэвээр байна гэсэн хүмүүс л байна. Украинууд өөдрөг үзэлтэй хэвээр байгаа, тэр нь жаахан гашуун амттай л болохоос.

- Саяхан явуулсан нэг судалгаагаар, украинуудын 18 хувь нь цаашид дайн, байлдааныг тэвчиж чадахгүй, харин 70 хувь нь цаашид хэдий л бол хэдий хугацаагаар тэвчихэд бэлэн гэсэн байсан.Таны үзэж буйгаар, украинууд дайныг аль хэр удаан тэвчих бол?

- Бид яг ийм асуулт тавьж судалгаа явуулаагүй л дээ. Гэхдээ украинуудын ихэнх нь дайныг ямар л бол ямар хугацаагаар тэсэж тэвчихэд бэлэн байгаа нь үнэн. Ялалт байгуулах хүртэл тэсч тэвчиж үлдэнэ, эс бөгөөс улс үндэстнийхээ хувьд, хувь хүнийхээ хувьд ч оршихоо болино. Тэвчиж үлдээд, байлдахаас өөр сонголт байхгүй. Нөгөө талаар, украинуудын гуравны нэг нь дайнаас залхчихсан. Тэдэнд хүнд байгаа, дайн байлдаантай амьдрахыг хүсэхгүй байна. Тэд өөрчлөлтийг хүсэж байгаа ч тэр өөрчлөлт нь болохгүй байна. Украинуудын тал хувь нь дайнд оролцохыг хүсэхгүй байна. Хэн нэг нь ирээд зохицуулаад, хамгаалаад өгчихнө гэсэн бодолтой хүмүүс мэдээж байгаа. НАТО-гийн цэрэг орж ирээд биднийг Оросоос хамгаална гээд сууж байгаа иргэд байж л байна. Гэхдээ ийм юм болохгүй гэдгийг олон украин хүн ойлгож байгаа нь манай нийгмийн нэг том давуу тал юм. Гэхдээ л цэрэг дайчилгааны цэг дээр ирээд дугаарлаж байгаа хүн хангалттай биш байна.

- Украинуудын хэдэн хувь нь дайнд ялна гэдэгтээ итгэж байна вэ?

- Дийлэнх олонх нь итгэж байна. Украинуудын бараг 90 хувь нь ялалтад итгэж байна. 10 хувь нь итгэхгүй байна. Энэ бол үнэхээр сайн үзүүлэлт. Орос улс цаашдаа ч бүх украинуудыг дайсан гэж үзсээр байх болно. Оросууд биднийг хамгаалах гэж, эсвэл энд эрх мэдлээ тогтоох гэж ирээгүй , харин тэд биднийг устгах гэж ирсэн гэж бид үзэж байгаа.

- Украины эрх баригчид ялалт гэж нэрлээд байгаа зүйл нь украинуудын хувьд ялалт байж чадах уу?

- Ялалтыг ямар хэлбэрээр харж байна вэ гэж украин хүнээс асуувал утгагүй болно. Учир нь, украин хүн ялалтыг дайн зогсох, 1991 оны хил хязгаар руу буцах, мөн Орос улс задрахыг ялалт гэж харж байгаа. Мэдээж энэ бол хүсэн хүлээсэн хувилбар мөн. Гэвч бид бодит байдлыг харвал 1991 оны хил хязгаар руу буцна гэдэг магадлал тун бага. Одоо байгаа фронт, шугам дээрээ дайныг зогсооно гэвэл украинууд мэдээж хүлээн зөвшөөрөхгүй. Бидний санаснаар болохгүй бол хувилбарууд гарч ирэх биз. Эрх баригчид ялалт гэж нэрлэж байгаа зүйл украин иргэдийн хувьд ялалт мөн үү гэж асуусан. Олон улсын хамтын нийгэмлэгээс санал болгосон, Украины талын дэмжлэгийг авсан хувилбараар дайн зогсвол үүнийг бодит ялалт гэж үзэж болно.

- Орос улс өөрөө өөрчлөгдвөл ялалт ирнэ гэдэгт украинууд илүү итгэлтэй байна хэмээн та энэ оны хоёрдугаар сард ярьж байсан. Одоо энэ итгэл алга болсон уу?

- Байхгүй болсон. 2023 оны аравдугаар сараас энэ итгэл байхгүй болсон. 2024 онд Орос орон өөрчлөгдөж магадгүй гэж харж байсан ч бүр худлаа болсон.

- Сүүлийн үед украинууд Оростой хэлэлцээ хийх илүү сонирхолтой болсон уу?

- 2022-2023 онд “Оростой хэлэлцээ хийх үү” гэсэн санал асуулгад “Цэрэг, дайны замаар ялалтад хүрэх ёстой” гэж хариулж байсан. Мөн олон улсын оролцоотой яриа хэлэлцээ хийж болно хэмээн үзэж байв. Өнөөдөр украинуудын тал хувь нь Оростой шууд хэлэлцээ хийхийн төлөө байна. Ийм хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Хэвлэл мэдээллээр, айлын гал тогоонд энэ яриа идэвхтэй өрнөж байна. Тэгэхээр эрт, орой хэзээ нэгэн цагт хэлэлцээ хийх нь гарцаагүй.

- Украинуудын хэдэн хувь нь эцсээ хүртэл, ялалтад хүртэл тулалдахад бэлэн байна вэ?

- Гуравны нэг нь. Энэ бол үнэн хэрэгтээ өндөр үзүүлэлт. Бид одоо байлдахаа зогсоож, 1991 оны хил хязгаараар дуусгавал олон хүн дургүйцнэ, том асуудал үүснэ. Сүүлийн гурван жил юуны төлөө байлдсан байж таарах вэ?