Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэлнэ.
Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ.
Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй.
Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой юм. Тухайлбал, “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 74.1 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна” хэмээн тус системд бүртгэгджээ.