Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.01.01 12:17
3821
Холливудын том студийг дампуурлаас аварсан таван настай охин

Таван настай Ширли Темпл 1933 оны арванхоёрдугаар сард тэр үед бараг дампуураад байсан Fox студитэй гэрээ байгуулав. Жаахан охин Холливудын хамгийн том студийг хэрхэн сэргээж, их мөнгөтэй болгож, өөрөө хэрхэн супер од болон хувирсан талаар “BBC Culture” нэвтрүүлэг дэлгэж байна.
1989 онд ВВС Ширли Темплээс супер од болж явсан хүүхэд насных нь тухай ярилцлага авахад тэрээр замналынхаа хоёр дахь үеийг амжилттай туулж дипломат алба хашиж байлаа. Хэдийгээр тэрээр Холливудын хамгийн өндөр цалинтай од нь байсан ч том болоод ажил хийж амьдрах хэрэгтэй болсон юм. Учир нь түүний хэдэн сая доллар олон жилийн өмнө үрэгдээд алга болсон байв. “Та 20th Century Fox студийг бас дампуурлаас аварсан гэж үнэн үү?” хэмээн хөтлөгч Терри Воган түүнээс асуухад тэр үед гэрлээд Ширли Темпл-Блэк нэр аваад байсан Ширли “Тийм ээ, би тэгж боддог” хэмээн хариулж байжээ. 

1933 онд Fox студи дампуурлын ирмэгт ирсэн байв. 1915 онд Уильям Фокс үүсгэн байгуулсан уг студи үг, яриагүй киноны үед цэцэглэн мандсан юм. Дараа нь Их Хямрал болоход алдагдалтай ажиллах нь ихсэж, хэдэн саяын өрөнд орж, хувьцааны үнэ нь унаад алга болжээ. 
Буржгар үстэй, жаахан шаргал охин ирэх хүртэл студи сэхэл авсангүй. Ширли Fox студитэй гэрээ байгуулахаас хоёр долоо хоногийн өмнө Stand Up and Cheer! (Өөдрөг байцгаая!) кинонд эцгийнх нь дүрийг бүтээсэн Жеймс Данны хамт тоглохоор сонгогдоод байв. Хэдийгээр тэр хоёр жижигхэн дүр бүтээсэн ч дуулиан тарьж, тэр даруй хамтдаа өөр кино, бүтээлд уригдах болжээ. Ширли Темпл гэдэг нэрийг америкууд бүгдээрээ мэддэг болов.
Темплийг хоёр нас хагастай байхад ээж нь бүжгийн хичээлд авч очсоноор урлагийн ертөнцөд анх хөл тавьж байсан гэдэг. “Би эрч хүчээр дүүрэн байсан, өдрийн унтлагаа ч хийдэггүй байлаа. Тэгээд ээж намайг гэрээс гурван км-ийн зайд байдаг дүүргийн бүжгийн сургуульд бүртгүүлсэн. Би тэнд дасгал хийж, румба, танго бүжиглэж сурсан” хэмээн Ширли Темпл ВВС-д ярьж байв. Найруулагч Чарьлз Ламонт түүнийг нээж хараад Baby Burlesk хэмээх богино хэмжээний кинонд тоглуулахаар сонгожээ. Зураг авалттай өдөр бүр түүнд 10 долларын цалин өгч байсан ч дасгал, сургуулилтад мөнгө төлсөнгүй. “Тэр тийм сайн продюсер байгаагүй. Их харамч продюсер байсан. Холливудын даржин төслүүдийн нэгд тоглуулсан” хэмээн Ширли ВВС-д ярилцлага өгөхдөө дурсан ярьжээ.

Ламонт продюсер Жак Хайсийн хамтаар Educational Films Corporation-д ажиллаж байв. Гурван настай Ширли богино дэлгэцийн найман ангид тоглосон ч тэдгээр кино, зураг авалт нь Темплд болон бусад жүжигчин хүүхдэд тийм ч таатай зүйл байсангүй. Тэднийг дүрсгүйтэж, сахилга бат алдвал шийтгэдэг байж. “Найруулагчдад хоёр хайрцаг байдаг байсан. Нэг нь дүүрэн мөстэй, бидний хэн нэг нь дүрсгүйтвэл тэр хайрцагт хийж дагжин чичрүүлдэг байлаа. Мөстэй хайрцагт хийгээд харанхуй өрөөнд байлгадаг байсан. Миний чих өвдөж, нүдэнд өвдөг гарч байсан. Үүнээс болж бас их шаналсан. Тэр хайрцагт хэд хэдэн удаа орсон” хэмээн дурссан юм.
Түүнээс гадна эцэг эхчүүдийг зураг авалтын үеэр хамт байлгадаггүй байжээ. Темплийн ээж хувцсыг нь оёж, жүжиглэх урлагийн хичээлийг охиндоо зааж, орой болгон үсийг нь самнан буржийлгадаг байв. Baby Burlesk-ийг өнөөдрийн стандартаар харвал хүүхдүүдэд тохирохгүй, том хүний сэдэвтэй кино байсан хэмээн Ширли Темпл хожим тодорхойлжээ. Гурван настай Ширлид нимгэн цамц, хөгийн томдсон живх өмсгөөд эгнэн зогссон жаалуудын өмнө бүжиглүүлж, нөгөөдүүл нь түүний төлөө зодолдож, түүнд иштэй чихэр өгч байгаа маягаар War Babies-т тоглуулж байв.
Polly Tix in Washington дээр нэгэн “сенатч-ийг уруу татахаар ирсэн “биеэ үнэлэгч”-ийн дүрд тоглуулжээ. Бүр хөхөвч өмсгөөд, хумсаа хуурайдаж байгаа дүр зураг байсан гэдэг. Сувдан сондор зүүж сенатчийн албаны өрөөнд орж ирээд “Таныг зугаацуул хэмээн намайг явууллаа” хэмээн дүр бүтээж байжээ. Тэрхүү сенатчид нь бас нэг жаал тоглож байсан аж. Ширли Темпл Child Star (Од хүүхэд) хэмээх намтар номдоо, эдгээр нь цайлган цагаан хүүхэд насыг увайгүй ашигласан кинонууд байсан, заримдаа бүр арьс өнгөөр, хүйсээр ялгаварласан бүтээлүүд байсан хэмээн бичсэн байдаг. 
Дараа нь тэрээр кино найруулагч Жак Хайстай гэрээ байгуулж хэд хэдэн жижиг дүр бүтээв. Удсан ч үгүй Хайс дампуурч Ширлигийн эцэг гэрээг эргүүлэн худалдаж авчээ. Удсан ч үгүй Fox студид ажиллаж байсан нэг хөгжмийн зохиолч зааланд бүжиглэж байсан Темплийг олж хараад тэр үед зураг авалт нь явагдаж байсан “Өөдрөг байцгаая!” кинонд тоглож үзэхийг урилаа. Түүнд нэг жижиг дүр өгч, хоёр долоо хоногийн цалин өгнө гэв.
Киноны анхдагч санаа нь Их Хямрал нь өөдрөг үзлээ алдсанаас болсон гэдгийг харуулах, тэгээд хүмүүсийн урам зоригийг өдөөх жүжигчнийг олж тоглуулах байв. Темпл, Жеймс Данн хоёр нэг бүжиг дээр хослон бүжиглэж тогложээ. Ширли охинд шинэ хөдөлгөөн сурах цаг байгаагүй тул бүжгийн сургуульд явж байхдаа сурсан бүжгээ Даннд зааж байгаад бүжиглэсэн гэдэг. 
Энэхүү зураг авалтын дараа Ширлид долоон жилээр сунгах боломжтой нэг жилийн, долоо хоногийн 150 долларын цалинтай гэрээ санал болголоо. Ээжийг нь мөн гэрээнд хамруулж мөнгө төлөхөөр болов. 1933 оны арванхоёрдугаар сарын 21-нд гэрээнд гарын үсэг зурлаа. Темпл намтар номдоо үүнийг “Дараагийн долоон жилд хуралдсан хар үүлний эхнийх нь байлаа” хэмээн бичсэн байдаг.
Темпл, Данн хоёрын дараагийн кино нь 1934 оны дөрөвдүгээр сард дэлгэцэнд гарсан Baby, Take a Bow байв. Ширли охиныг өөр өөр студид хэдэн мянган доллараар зээлж, олон тохиолдолд цалингаас нь илүү их мөнгөөр зээлж байсан юм. Удалгүй тэр хоёрт зориулан бичсэн Bright Eyes (Энхрий нүд) зохиол дэлгэцэнд амилж, On the Good Ship Lollipop хэмээх дуу бяцхан од охины сүлд дуу болон хувирчээ.
Гэвч Fox студи 1929 оны биржийн хямралаас болж асуудалд орж, 1934 онд 20th Century Pictures-тэй нийлж 20th Century Fox болжээ. Fox-ийн гүйцэтгэх захирал Винфилд Шихан Vanity Fair сэтгүүлд ярихдаа “Тэд Fox студийг биш, Ширли Темплийг худалдаж авсан” хэмээн ярьж байв.
20th Century Fox-т очсон анхны жилдээ 10 кинонд тоглолоо. Тухайн жилд гялалзаж, 1935 онд Оскараас анхны хүүхдийн шагналаа авчээ. Ширли Темпл одоо ч хамгийн залуудаа Оскар авсан жүжигчин гэгдсэн хэвээр. 1961 онд Оскараас хүүхдийн зэрэглэлийг хасчээ. 

АНУ-ын Их Хямралын үеэр Темпл кино урлагийн од болон хувирлаа. Америкууд илүү өөдрөг, илүү жаргалтай дүр зургийг кинон дээр харахыг хүсч байсан юм. Ерөнхийлөгч Франклин Рузвельт “Энэ хямралын үед иргэд сэтгэл санаагаар их унасан байсан. Ийм үед америк иргэд 15 центээр кино үзэж, жаахан охины инээмсэглэсэн царайг харж, зовлон бэрхшээлээ мартаж байсан нь гайхалтай зүйл байлаа” хэмээн онцолж байв.
Ширли Темплийн тоглосон кинонууд ашиг их олохын хэрээр түүний цалин ч нэмэгдэж, арван настайдаа Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин болжээ. Fox студитэй гэрээ байгуулсны дараа ээж нь үргэлж хамт явж байв. Темпл бусад од хүүхдүүдийг болвол ээж, аавтайгаа дотно харилцаатай байсан. Намтар номынхоо эхэнд “Хайрт ээждээ зориулав” хэмээн бичиж байлаа.
1939 онд Калифорни муж Куганы хууль хэмээн алдаршсан Жүжигчин хүүхдүүдийн тухай хуулийг батлав. Ширлигээс 13 жилийн өмнө мэндэлсэн Куган 1921 онд хүүхэд байхдаа Чарли Чаплины The Kid кинонд тоглож алдаршсан анхны од хүүхдүүдийн нэг байжээ. Тэрээр хэдэн сая доллар олсон ч ээж болон хойд аав нь үрэн таран хийж, Куган 1938 онд тэд нараас мөнгөө нэхэмжлэн шүүхэд хандаж байв. Шүүхийн маргаан явсаар Калифорни муж хүүхдийн хөдөлмөрийг хамгаалсан, цалингийх нь 15 хувийг Куганы данс хэмээх санд оруулж байх хуулийг батлахад хүргэжээ. 
Аз болоход Темплийн эцэг эх охиныхоо олсон мөнгийг тийм аймшигтай үрэн таран хийсэнгүй. Эцэг нь банкинд ажилладаг байсан тул мөнгийг нь зохицуулж хөдөлгөдөг гол хүн болсон байлаа. Гэсэн хэдий ч Ширли долдугаар ангиасаа сургуулиа орхиж, эцэг эх нь үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж эхэлсэн аж. Жаахан хүүхэд байхаасаа тодорсон Ширли 22 нас хүрээд санхүү, мөнгөндөө оролцох эрхтэй болсны дараа хүүхэлдэй, ном, хувцас болон бусад зүйлээс олсон 3.2 сая доллараас нь ердөө л 44 мянган доллар үлдсэнийг олж мэджээ.
Холливуд нь хүүхдүүдийг тодруулж од болгодог ч цаашдын замналд нь тийм ч таатай газар байсангүй. Олон хүүхэд тэнд тодрон гарсан ч кино урлагийн зам нь замхран алга болсон олон тохиолдол байдаг. Темпл 12 настай байхдаа л Холливудын өршөөлгүй, харгис дарамтыг мэдэрч байсан тухайгаа хожим дурсан ярьсан байдаг. Тэрээр 22 хүрээд кино урлагаас хөндийрчээ. Хамгийн сүүлд, 1949 онд “Корлиссын үнсэлт” кинонд тоглосон юм.
Гэсэн хэдий ч түүний сонирхолтой амьдрал дууссангүй. Олон улсын харилцааны салбарт зүтгэж, Гана, Чех улсад суух элчин сайдаар томилогдон ажиллав. Ганад элчин сайдаар ажилласан нь амьдралынх нь хамгийн шилдэг үе байсан хэмээн ярьж байв. Сэтгүүлч түүнээс “On the Good Ship Lollipop дуунаас та залхсан уу?” хэмээн асуухад тэрээр “Үгүй. Тэр дуу намайг од болгосон” хэмээн хариулжээ.