Ардчилсан нам яагаад шүүхийн шийдвэрээр нийтийн албанд томилогдох эрхээ хасуулсан хүнийг нэр дэвшүүлсэн бэ? Архангай, Өвөрхангай, Баянхонгор буюу 1-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрх дуусгавар болоход хүрээд байна.
Түүний зүгээс холбогдох баримт материалуудаа шүүхээс авч, СЕХ-нд хүргүүлэн хуулийн дагуу нэр дэвшсэн гэдгээ илэрхийлсэн байдаг.
Тэрээр Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан нь ийнхүү Дээд шүүхийн шийдвэр албажих нөхцөлийн өмнө ирэв.
2016-2020 оны хооронд ажиллахдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээснээ шүүхээс танилцуулсан юм.
Харин одоо, дээд шүүхийн шийдвэр албажсанаар түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болох юм. Улмаар хангайн бүсэд нөхөн сонгууль явуулах шаардлага бий болно.
Д.Цогтбаатар гишүүнийг Дээд шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан ч УИХ-аас гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй л бол УИХ-ын гишүүн хэвээрээ байх хуулийн зохицуулалттай. Дээд шүүх гэм буруутайд тооцсон атал гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ энэ мэтээр хаацайлбал төрийн ажил авлигагүй, шударга явагдах нөхцөл бүрдэнэ гэдэг эргэлзээтэй.
Байдаг л үзэгдэл мэт болсон асуудал бол УИХ-ын гишүүд авлига албан тушаалын хэрэгт холбогдож, эрх мэдлээ урвуулан ашигладаг, цаашлаад УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх нэрээр халхавч хийж, хариуцлага хүлээхээс зайлсхийдэг, улстөрчдийг өөхшүүлэх, төрөөс төрсөн тэрбумтнуудыг бий болгох гол шалтгаан болоод удаж байна.
Өргөсөн тангарагтаа чин үнэнч байя гишүүд ээ? Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ...