Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.06 09:33
2194
Ашиг хонжоо, эрх мэдлийн ард стандартгүй барилга сүндэрлэсээр...

АТГ-аас Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны газрын дарга Д.Гантулгыг нэр бүхий компаниас хахууль авсан байж болзошгүй хэмээн яллагдагчаар татаж, 30 хоногийн хугацаанд цагдан хорьсон. Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт зааснаар буюу “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд их хэмжээний хахууль авсан” хэмээн яллагдагчаар татсан аж.

Д.Гантулга нь 2021 онд Барилга хот байгуулалтын яамны газрын даргаар томилогдох үедээ жилийн 71 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 4,9 сая төгрөг байсан бол 2023 онд өөрийн орлого 110 сая, гэр бүлийн орлого 26 сая төгрөг болж өсжээ.

Мөн 2021 онд 29 сая төгрөгийн үнэт эдлэл, 58 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2023 онд 44 сая төгрөгийн үнэт эдлэл, 88 сая төгрөгийн хадгаламжтай болж мөн л нэмэгджээ.

Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

Тэрээр 725 сая төгрөгийн үнэлгээ бүхий 3 нийтийн орон сууц, нэг авто зогсоол, 2 дулаан зогсоол, 1 гүний худагтай. Гурван сая төгрөгийн үнэлгээ бүхий суудлын жижиг машин, 27 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай байна.

Төрийн албанд ажиллаж буй эрхмүүд ашиг хонжоо харж, эрх мэдлээ хэтийдүүлэн ашиглах нь зүйд харшлах хэрэг. Төлөвлөлтгүй газар олголт, стандартгүй барилга байгууламжийн балгаар иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа нь харамсалтай!