Агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор 2017-2023 онд 557,1 тэрбумыг зарцуулсан бол утаатай тэмцэж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 1,7 их наядыг үргүй зарцуулсан байна.
Таны дансанд өдөрт 30 сая 520 мянга 547 төгрөг орно гэж тооцвол 50 жилийн дараа таны дансанд 557 тэрбум төгрөг цуглах нь. Зургаан жилийн хугацаанд та бидний төлсөн татварын мөнгө утаанд үргүй зарцуулагдсан гэдгийг энэ тоо баримт хийгээд яг одоо таны нүдэнд харагдах саарал хот батлах юм.
Зуухыг нь сольж, түлшийг нь өөрчилж, угаар мэдрэгч байрлуулж айлуудын янданг ч хөөлж үзлээ. Гэсэн ч утаа, угаараас болж жилд 1500-4000 хүн амь насаа алдсаар байна. Энэ жил ч мөн адил өнөөх л зуух солих ажлаа хийхээр 28,3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн ашиглах хугацаа нь дууссан зуухнуудыг сольж өгч байж л бид утаанаас сална гэдэг шийдлийг бидний дуу хоолой болсон 126 гишүүд ярьж байгаа нь инээдтэй агаад эмгэнэлтэй. Гэхдээ энэ өнөөдрийн Монголын дүр зураг! Бид гарц шийдэл хайж тэрбум, тэрбумаар нь төсөвлөөд ч төрийн мөнгө улайдаггүйн гороор амьд явах эрхээ зөрчүүлсээр байгаа нь халагламаар...
Өнгөрсөн жил олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар “Монгол хүнд утаанаас үүдэлтэй элэгний эсийн хавдрын шинэ мутаци илэрсэн” гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү мэдээлсэн. Агаарын бохирдлын улмаас ялгардаг хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг хүчин зүйл нь хүний биед мутаци үүсгэх өндөр эрсдэлтэй.
“Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгддэг байсан нийслэл хот хэдийнээ “Саарал хот” болон хувирчээ. Агаар орчны бохирдлыг бууруулахаар зарцуулсан 1,7 их наядын үр дүн хаана байна вэ?