Утааны өмнө сөхөрч буй Нийслэлчүүд ханиадны өмнө туйлдаж эмээр хооллон, эмнэлгийн ор ээлж дараалан хүлээж байна. Төрийн шийдвэр нь хэрэгждэггүй, хэрэгжсэн ч дундуур нь цавчаа ордог шалтгаанаас үүдэж 3 сая Монголчуудын тоо өсөх нь бүү хэл буурч байна гэхэд буруудахгүй биз. Хорт хавдраараа Дэлхийд тэргүүлж, амьгүй ургийн тоо эрчимтэй нэмэгдэж, хүүхэд хөгшид, хөдөлмөрийн насны залуучууд гээд хэн хүнгүй олсон хэдэн төгрөгөө эмэнд зарцуулж байна.
Утааг бууруулна, байхгүй болгоно гэдэг үгэнд одоо итгээд ч хэрэггүй болжээ. 10, 20 жил утаандаа дарлуулж 2025 онтой золголоо. Одоо бид юу хүлээх вэ? Өнөөх зуухаа солиод зүгээр болно, яндангаа хөөлөөд утааг үгүй хийнэ, удахгүй хийн түлш нэвтрүүлээд эрүүл орчинд амьдарна гэдэг сайхан үгэнд итгэсээр хайртай дотны бүхнээсээ хагацсаар байх уу?
Магадгүй утааны улиралд дарга нарын хүүхдүүд, тэдний хайртай гэр бүл дулаан орныг зорьдог биз....
2025 оны шинэ 7 хоногийн эхний өдөр гэхэд аймшигт тоон мэдээнүүдийг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Ханиад, томуунд дарлуулж эмнэлгийн оочир дараалал хэрээс хэтэрч буй шалтгаан бол утаатай шууд холбоотой.
Вирус судлалын тасгийн эрхлэгч Ц.Наранзул” Булган, Сүхбаатар, Өвөрхангай, Улаанбаатар хотын эмнэлгүүдээс томуугийн шалтгаанаар хандсан хүмүүсийн сорьцод амьсгалын замын вирус илрүүлэх тандалтыг хийсэн байна.
Тандалт судалгааны дүнгээр 62,2 хувьд нь томуу болон томуу төст өвчин үүсгэгч вирус илэрчээ. Илэрсэн вирусээс 5 төрлийн эмгэг төрүүлэгч вирус байна. Дийлэнх хувийг амьсгалын замын вирус болон томуугийн H1 N1 вирус эзэлж байна. Коронавирус 1 хүртэлх хувьтай байна.
Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчний тархалтын түвшин сүүлийн 7 хоногт дэгдэлтийн түвшинд байна.
Нийт өвчлөгсдийн 19,2 хувийг 0-1 нас 20,2 хувийг 2-74 нас 20,6 хувийг 5-9 нас
22,9 хувийг 10-15 насныхан эзэлсэн байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн 7 хоногт 15025 дуудлага ирснээс 21 хувь нь ханиад томуу байна.
Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87,8 хувь нь амьсгалын замын халдварын шалтгаан зонхилж байна. Нийт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 87 хувьд нь амьсгалын замын халдварын шалтгаан эзэлж байна" гэв.
Энэ бол нэгхэн 7 хоногийн мэдээ. Өчнөөн хүүхдийн амьсгалын замын эрхтнүүд доголдож, хэдэн хүн өвчний үүр болж байгааг таашгүй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хязгаарлуулсан Монголчууд утааны бохир, улс төрийн бохир байдлаасаа сална гэхэд бүрхэг байна даа...