Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.06 14:01
374
Рубикийн шоо эвлүүлэх нь аз жаргалд тустай

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын нэгэн хүйтэн өдөр Их Британийн Ковентри хотын цэнгэлдэхэд хэдэн зуун хүн цугларчээ. Оазис, Рианна, Харри Стайлс нар концертоо толилуулж байсан энэ газар огт өөр арга хэмжээ болсон юм.

Speedcubing буюу рубикийн шоо эвлүүлэх тэмцээнд Монгол, Канад зэрэг хамгийн хол өнцөг булангаас 500 орчим хүн хүрэлцэн иржээ. Эгнэсэн ширээнүүд цэнгэлдэхийг дүүргэж, гурван өдрийн турш 15 сорилтыг гүйцэтгэж өрсөлдөж байлаа. Зарим нь шоог нэг гараараа, нөгөө хэсэг нь нүдээ боож байгаад эвлүүлж байв.

Тэмцээний хамгийн чухал зэрэглэл буюу хэн хамгийн хурдан эвлүүлэх вэ уралдаанд өсвөр англи жаал Жеймс Алонсо 6.3 секундын амжилтаар түрүүлжээ.

Рубикийн шоогоор хичээллэх, эвлүүлэх хобби, спорт 1980-аад онд эрчээ авч, сонирхогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр иржээ. 3х3 шоо эвлүүлэх рекордыг америк залуу Макс Парк эзэмшиж байна. Тэрээр 3.13 секундэд бүх өнгийг нийлүүлж байв.

Энэхүү гайхалтай тоглоомыг Унгарын иргэн Эрно Рубик 1974 онд зохион бүтээгээд анх эвлүүлэх гэж нэг сарын хугацааг зарцуулж байсан гэдэг. Speedcubing тэмцээн зохиогдох болсноос хойш дэлхийн 421.000 иргэн тоосоо өргөжээ.

Нэр хүнд нь өсөж, Рубикийн шооны борлуулалт 2023 онд 86.6 сая долларт хүрсэн нь 2022 оныхоос 13.5 хувиар илүү үзүүлэлт.

Рубик шооны арилжааны эрхийг Канадын Spin Master компани 2021 онд авчээ. Өөр брэндийн, янз бүрийн хэлбэртэй шоог энд тооцоогүй. Өнөөдөр модон, Bluetooth-тэй электрон, мөн бүх төрөл, хэмжээ, өнгөтэй шоо бий болжээ. Тэгвэл speedcubing нь зөвхөн цаг нөхцөөх тоглоом бус, харин оюун санаа, эрүүл мэндэд маш сайн зүйл хэмээн эрдэмтэд батлах болов. “Рубикийн шоо эвлүүлэх нь танин мэдэхүй, сэтгэхүй, нийгмийн харилцаа, хувь хүний амжилт, тэмүүлэлд тустай. Нэг үгээр хүнд аз жаргал, тайвшрал бэлэглэдэг” хэмээн АНУ-ын Висконсин-Мадисоны их сургуулийн Саруул ухааны төвийн судлаач Полина Белогородова батлан хэлж байна. Тэрхүү аз жаргал нь түр зуурын баяр, хөөрөл биш, харин тогтвортой, найдвартай аз жаргал аж.

“Speedcubing нь сэтгэл зүйн өрсөлдөх, уралдах үндсэн хэрэгцээг хангаж, үр өгөөжтэй, итгэлтэй байдлыг бий болгодог. Асуудлыг шийдэх эрч хүчийг өгч, ой тогтоолт, чөлөөт сэтгэхгүй, зохицох чадварт тустай” хэмээн баталж байна.

Германы Max Planck хүрээлэнгийн судлаач Жулиа Кристенсений үзэж буйгаар, шоо эвлүүлснээр гайхаж бишрэх, гоо сайхныг мэдрэх, сэтгэл хөдлөх зэрэг гоо зүйн мэдрэмжийг авч аз жаргал, сэтгэл ханамж руу хөтлөдөг аж.

Шоо эвлүүлэх тэмцээнд орж байгаа хүмүүс flow буюу сэтгэл санаа чөлөөлөгдөх, тайвшрах мэдрэмж авдаг хэмээн мэдрэмжээ тодорхойлж байв. Рубикийн шоо эвлүүлэх нь гар, хурууны хөдөлгөөн сайжруулах, тодорхой зорилго руу төвлөрөх, анхны эрч хүчээ эргүүлэх олж авахад тустай нь аль дээр батлагдсан зүйл. Deciphering the Cube номыг зохиогч Ян Шифферийн хэлж буйгаар, шоо эвлүүлсний дараах чөлөөлөгдөх, тайвшрах мэдрэмж нь бараг л бясалгалын түвшинд очиж байгаа гэсэн үг аж. “Нэг юм бодож, төвлөрч байгаа мөчид очсон ч үнэн хэрэгтээ юу ч бодоогүй юм шиг байдаг. Задарсан шоог чамд өгөхөд гаргаж байгаа сэтгэл хөдлөл цаанаасаа, өөрөө төрж байдаг. Хамгийн таатай бүрэн төвлөрөл. Шооны эргэлт бүр тайвшралын дасгал болж байдаг” хэмээн тэрээр хэлж байна.

Ян Хаммер 44 настайдаа 13-тай охиноороо заалгаж шоо эвлүүлж сурчээ. Тэр цагаас хойш Хаммер шоог 10 мянган удаа эвлүүлсэн ч уйдсангүй. Хамгийн гол нь охинтойгоо нийлж уралдаж эвлүүлснээр тэдний харилцаа гайхалтай сайн болсон аж. Мөн ийм төрлийн уралдаан тэмцээнд орох нь нийгэмших, урам зориг авах давуу талтай гэдгийг тэрээр батлан хэлж байна. Энэ тоглоомд эрчүүд их дурладаг.

Дэлхийн шооны холбооноос мэдэгдэж буйгаар, 221.117 эрэгтэй шоо эвлүүлэх тэмцээнд орсон бол, 24.311 эмэгтэй ийм тэмцээнд оролцжээ.