Монголын залуучуудын холбоо гэх байгууллага өнөөдрийг хүртэл яг юу хийж бүтээв? Хүүхэд залуучуудын төлөө дуу хоолойгоо хүргэж чадсан уу? гэдэг эргэлзээтэй. Сандал суудал, байр савны хэрүүлээс хол явдаггүй залуучуудын холбооны ард байнгын ашиг сонирхлын хэрүүл өрнөдөг.
Тус холбоог хэн нэг даргын цүнх баригч нар ахалсаар ирсэн гэхэд хол зөрөхгүй. Нөгөө талаас оюутан, залуучууд тус байгууллагаар дамжуулж сурч, мэдэж байгаа гэдгийг үгүйсгэхгүй.
Улс төрөөс хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй энэ байгууллагын ард Нийслэлийн төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар дахин гарч ирэв.
Тэрээр" О.Алтангэрэл сайд найз У.Болдхүүг УБЕГ-ын даргаар томилсон. У.Болдхүү албан тушаалаа ашиглаж, улсын бүртгэл дээр МЗХ-ны бүх удирдлагыг АН-ын хүмүүс болгосон. Энэ бүхний цаана женко Х.Баттулга байгаа" гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл" Улс оронд хийх ажил олон байна. Сандал суудлын хэрүүл хийж байхаар ажил олж хийгээч, Холбооны хэрүүл чинь бидэнд хамаагүй. Агентлагийн даргыг Хууль зүйн сайд томилдоггүй. УБЕГ даргагүй байгаа, Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлэгддэг. Би хууль зөрчихгүй" гэв.
Монголын залуучуудын холбоо гэх нэрийн дор үй олноор нь одон медаль тарааж, түүнийг нь өнөөх дарга нар нь ирж гардуулан оноо авдаг байдлаа халчихвал таарна.
Энэ мэт байгууллага анхнаасаа нийгмийн өгөгдөл нь дутуу хүмүүсийн тэгш боломжийг хэрхэн хангах тухай асуудлыг шийдэх, хяналт бий болгох, боловсрол, мэдлэг олгох зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй. Юм л бол 4 давхар байрны хэрүүл өрнөдөг...
Тус байгууллагын Ерөнхийлөгч асан, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар дахин халаа сэлгээ, томилгооны хэрүүл хийн гарч ирэв. Угтаа утаа, түгжрэл, улс төрийн бохир байдал гээд төлөөлөгч танд залуучуудаа уриалан дуудах олон асуудал байна. Үндсэн ажилдаа эзэн байя төлөөлөгчөө !!