Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.07 17:22
3303
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж удахгүй Монголд ирж, иргэдийн толгойг эргүүлэх гэж байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг өнөөдөр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг тодруулбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааныг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2-т зааснаар буюу их хэмжээний мөнгө угаасан, татвараас зайлсан хэргээр сэжигтнээр шалгаж байсан юм. 

Уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр, “Одоогийн байдлаар хүчингүй болгосон Шүүхийн шийдвэрийг цаасан хэлбэрээр аваагүй байна. Шүүхтэй холбоотой асуудал болохгүй байна гэдгийг би удаа дараа илэрхийлж байсан гэхдээ гүйцэтгэх засаглал шүүхийн асуудалд оролцоод байна гэдэг шүүмжлэл дагуулсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний хамаарал бүхий хүмүүс Д.Эрдэнэбилэг нарт манай шүүх огт үйлчилдэггүй. Эрдэнэтийн 49 хувийн асуудал гэхэд л шийдэгдэлгүй Улсын дээд шүүх дээр 10 гаруй жил боллоо.

Гашуунсухайт- Ганц мод боомтын хэлцлийг хийхдээ гурав дахь талын төлөөллийг оролцуулахгүй байхаар гэрээ хийж, УИХ-аар эхний баримт бичиг батлагдсан.

Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байсан. Энэ нууц биш.

2013 онд Засгийн газрын төлөөллүүд / Х.Ганболд, Батцэнгэл, Энхтүвшин/ БНХАУ-д очиж БНХАУ-д Монголын тал Тавантолгойг өгье гэдэг санал тавьсан байдаг. Энэ португалууд бүгд байгаа. Ингээд 2014 онд яагаад хоёр улсын Засгийн газар хоорондоо шууд гэрээ хийж болохгүй байгаа юм бэ гэж асуухад заавал манайх тодорхой ААН-үүдийг хувь эзэмшүүлж оруулна. 51 хувьд нь Монголын ААН-д орно гэхдээ Тавантолгой үүнд хамаарахгүй. БНХАУ-ын тал 49 хувийг өгнө гэдэг хэлцэл дээр гарын үсэг зурсан. Мөн төмөр замыг /49,17,17,17/ гэдэг хувиар дөрөв хуваах гэрээнд гарын үсэг зурсан.

2014 оны наймдугаар сарын 21-23 ны хооронд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-ын талтай холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнийгээ устгасан.

Би сая БНХАУ-ын Ерөнхий сайд, Чайна энержи компанитай уулзах үеэрээ тэр баримт бичгийг сураглаж олж, авч ирсэн. Засгийн газрын гишүүдэд ч танилцуулсан. Эцэст нь үнэнд гүйцэтгэж Гашуунсухайт- Ганц мод боомтын хэлэлцээр ямар ч маргаангүйгээр батлагдсан.

Төмөр зам баригдвал Тавантолгойг өөрсдийнхөө өрсөлдөгч гэж үзсэн 2-3 компанийн эрх ашиг зөрчигдөнө. Мөн Баяннуурт байгаа нэр бүхий 11 компанийн хэсэгчилсэн нүүрс тээврийн ажилд саад учирна. Тийм учраас Би БНХАУ-руу уулзалт хийхээр явсан үеэс эхлэн жагсаал цуглаан болж эхэлсэн.

Энэ бүх жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 2014 онд байгуулсан хэлцэл үнэнд гүйцэгдэж байна. Гадаадад байх үед нь энэ асуудал шийдэгдэх гээд байгаа учраас одоо Монголд ирж олон нийтийн толгойг эргүүлэх гэж байгаа. Ерөнхий шүүгч Д.Ганзориг эзэндээ үйлчилж эхэлж байна. Авлигал, ордуудтай холбоотой асуудлыг шүүх 10 жил барилаа” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: