Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.01.08 11:07
5022
Дашваанжил ХХК-ийн жолооч энэ газ шүү гэж мэдэгдээгүй. Үүнээс болж газ дэлбэрч 7 иргэн амиа алдсан гэв

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт Дашваанжил ХХК-ийн газ тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл жижиг тэрэгтэй шүргэлцсэний улмаас, дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван алба хаагч, дөрвөн энгийн иргэн амиа алдсан. Мөн 207-р байр дэлбэрэлтэд өртөж, гар аргаар нурааж, ахин барих шийд гараад байгаа. Мөн тус дэлбэрэлтийн улмаас 30 гаруй тээврийн хэрэгсэл шатсан. Гэвч өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн нөхөн төлбөрөө иргэд авч чадаагүй байна. Мөн 207-р байранд түрээсээр сууж байсан иргэд ч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй байгаа юм. Зөвхөн тус орон сууцны эзэмшигч нарт л түрээсийн байранд амьдрах зардлыг нь шийдэж өгөөд байгаа. Гэвч 207-р байрыг хэзээ нурааж, хэзээ оршин суугчдыг байранд нь оруулах, хэзээ хохирлыг нь бүрэн төлж барагдуулж дуусах нь өнөөдөр ч тодорхойгүй байна. 

Оршин суугч: Байрыг ахин шинээр барихаар болсон. Харин эд хөрөнгө, машин, сэтгэл санааны хохирол өндөр байна. Манайх энэ байранд түрээслэгчээр амьдардаг байсан. Дэлбэрэлтэд өртсөний маргааш нь бид нарыг буудалд байрлуулсан. Манайх тэр буудалд нь 6 цаг л байсан. Тэнд яагаад 6 цаг байсан бэ гэхээр онцгой байдлын хүмүүс орж ирээд танайх энэ байрны эзэмшигч биш юм байна. Танайх эндээс гарах ёстой юм байна гэх мэдэгдэл өгсөн. Байрны эзэмшигч айл нь ирж буудалд байрласан. Бид дэлбэрэлтэд өртөөд сэтгэл санааны хувьд ч хүнд байсан. Дэлбэрэлтийн шокоосоо гараагүй байхад бид нарыг буудлаас хөөгөөд гаргасан. Гадаа машинаа шатаалгасан, тавилга, хувцас хэрэглэж болохгүй болсон учир бүгдийг нь хаясан. Тиймээс Дашваанжил ХХК-аас хохирлыг минь барагдуулж өгөхийг хүсэж байна.

Би 2 хүүтэй. Одоо хүртэл сэтгэл санаа нь хэвийн болоогүй байгаа. Сая шинэ жилээр салют буудахад, тийм дуу чимээнд байж чадахгүй шокоосоо гараагүй байгаа нь анзаарагдсан.

Дашваанжил ХХК-иас уулзъя гэсэн ч өөрсдөө ирсэнгүй. 

Оршин суугч: Дашваанжил ХХК-ийн Н.Баатаржав захирал дэлбэрэлт болсноос хойш бидэнтэй нэг ч удаа уулзаагүй. Ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй. Бидний хувьд гомдолтой байгаа.

Хот дотор 1.5 тн газ тээвэрлэх ёстой байдаг. Гэвч Дашваанжил ХХК 15.7 тн газ тээвэрлээд явж байсан. Стандартаа зөрчиж, 10.5 дахин их газ тээвэрлээд явж байсан. Мөн аюултай барааг шөнөөр тээвэрлэх ёсгүй байсан. Аюултай бараа тээвэрлэхтэй холбоотой бүхий л дүрэм, журмаа тухайн компани зөрчсөн байсан. Тиймээс сүйрлийн хэмжээ ийм их гарсан.  Үүнээс нь үүдэн 7 хүний амь нас, олон хүн түлэгдэж гэмтэж, манай байр шатсан. Бид нэг шөнийн дотор дайны нөхцөл байдлыг үзсэн.  Тэр нөхцөл байдлаас амьд гарсан.

Тэд 1.5 тн газ тээвэрлээд, дүрэм журмаа баримтлаад явж байсан бол өнөөдөр манай байр бүтнээрээ байх байсан.

Дашваанжил ХХК 10 гаруй жилийн өмнө Дарханд 5 давхар барилгыг дэлбэлсэн. Тэрнээсээ сургамж аваагүй байна. Энэ удаа хохирлынх нь хэмжээ бүр нэмэгдсэн. Энэ компани энэ хэвээрээ байх юм бол цаашид сум, аймаг, дүүргээр нь дэлбэлэх эрсдэлтэй байна.

Оршин суугч: Өнөөдрийг хүртэл шүүх, хуулийн байгууллагаас бидэнд мэдээлэл өгөөгүй байгаа. Патрол машины жолооч болон газ тээвэрлэж явсан хоёр жолоочийн талаар ч мэдээлэл байхгүй байна. Гэхдээ Дашваанжилын жолоочийн буруу гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй. Хурд хэтрүүлсэн, хоолой нь гагнаастай, гурван давхар тагтай байх ёстой байхад ганцхан тагтай байсан. Хоолой хамгаалсан төмөр хамгаалалт байх ёстой байсан ч байгаагүй. Жоохон шүргэх төдийд гагнаас нь салж унахаар байсан.

УОК, гал команд ирж байхад Дашваанжил компанийн жолооч энэ газ шүү гэж мэдэгдээгүй. Үүнээс болоод гурван алба хаагч, дөрвөн энгийн иргэн амиа алдсан. Газ шүү гээд хэлсэн бол усаар биш хөөсөөр унтраах зэрэг арга хэмжээ авч болох байсан, ямар ч мэдээлэл өгөөгүй газ тээвэрлэж явсан жолоочийн буруу. 

Иргэн: Би Дашваанжил ХХК-ийн захирал өнөөдөр бидэнтэй уулзана гэхээр нь 600 гаруй км-ийн холоос Дорнод аймгаас ирсэн. Гэтэл Н.Баатаржав захирал ирсэнгүй. Дэлбэрэлтийн үед миний машин шатсан. Өнөөдрийг хүртэл хохирлоо төлүүлж чадаагүй байгаа.

Оршин суугч: Энэ хэрэг хэдэн жил үргэлжилж, хэдэн жилийн дараа бидний хохирол барагдахыг мэдэхгүй байна. Хэдэн жилийн дараа байрыг нурааж, хэдэн жилийн дараа бид гэртээ орохоо ч мэдэхгүй байна.

Журмаа баримтлаад 1.5 тн газ тээвэрлээд явж байсан бол патролын жолооч осол гаргасан байсан ч өнөөдрийнх шиг гамшиг болохгүй байх байсан. Манай байр 2 хаалгатай байсан тулдаа л бид амьд гарсан. Ганцхан хаалгатай байсан бол машин руугаа гүйж гараад л энэ олон хүн бүгд үхэх байсан.

Тиймээс Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав бидэнтэй уулзаж уучлал гуйхыг шаардаж байна. Хэрэг хийсэн бол хэргийнхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Өмгөөлөгчийн том баг аваад, тэрэндээ л мөнгө зарцуулаад байгаа болохоос биш хохирсон иргэдийг хүн гэж тоохгүй байгаад гомдолтой байна. Бидний хохирлыг хэзээ барагдуулахыг бид өөрсдөөс нь асуумаар байна. 

Шууд дамжуулалт: