Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хагас коксын үйлдвэр байгуулах шийдвэр гарсан. Эрчим хүчний ердийн нүүрсийг 800 градуст жигнэж хүнд элементүүдийг нь байхгүй болгоод хагас коксыг гаргаж авдаг. Хагас коксын үйлдвэр 2 жилийн дараа байгуулагдана. Хэрвээ үйлдвэр байгуулахгүй импортоор хагас коксыг оруулъя гэвэл бидний жилийн хэрэглээ нэг их наяд орчим болно. Тэгэхээр үйлдвэр барьтал мидлинг суурьтай нүүрсээ өөрчилж, баяжуулсан нүүрс хэрэглэе гэж байгаа юм.
Нийслэлчүүд 2019 онд 350 мянган тонн нүүрс хэрэглэж байсан бол одоо 550 мянган тонноос доош буухгүй байгаа. Хэрэглээ 70 хувиар нэмэгдсэн нь агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж байна.
2022 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлын 29 хувийг автомашин бүрдүүлж байсан. Энэ жил 30 гаран хувь болж өссөн. Тэгэхээр агаарын бохирдол үүсгэж буй бүх хүчин зүйлийг өөрчлөхгүй бол асуудал шийдэгдэхгүй.
Энэ жил газ руу шилжинэ. Автобуснуудын шаталтын системд өөрчлөлт оруулах, 174 уурын зуухыг газ руу шилжүүлэх, 226 нам даралтын зуухын технологийг өөрчлөхөөр төлөвлөж байна.
Ногоон бүсийн хуулиа баталчихвал эхний ээлжид 50 мянган айлаа хийн түлш рүү шилжүүлнэ. Үлдсэн айлууддаа баяжуулсан түлшийг хэрэглүүлнэ. Одоо нийлүүлж байгаа барьцалдуулагчийн 90 орчим хувийг дотоодын гурван ААН нийлүүлж байгаа" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: