Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.01.09 14:33
4432
Иргэдийнхээ халааснаас хумсалж төсөв бүрдүүлэх нь хэр зохилтой вэ?

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгохоор төлөвлөж байгаа талаараа 2023 онд мэдэгдсэн байдаг. Харин өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнг төлбөртэй бүс тогтоох хуулийн төслийг өргөн барих гэж байна гэх мэдээлэл гарсан.

Харин тус асуудлын талаар Р.Эрдэнэбүрэн сайдаас тодруулахад: Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудал яригдаагүй байгаа. Гэхдээ тодорхой бүсийг төлбөртэй болгодог туршлага гаднын улсуудад байдаг гэх хариултыг өгсөн юм. 

Гэхдээ төлбөртэй бүс тогтоох асуудал цаашдаа яригдах уу гэх сэтгүүлчийн асуултад тэрээр “мэдэхгүй” гэж хариулсан нь олны эргэлзээг төрүүлж байна.

Харин хотын дарга Х.Нямбаатарын төлбөртэй бүсийн талаар ярьсныг ахин сануулахад: Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27000 төгрөг байна. 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлага бий. Харин төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлнө. Жишээ нь, 1000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг. Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг ажлын цагаар үнэгүй байлгана гэсэн юм. 

Энэ он гарснаас хойш хотын дарга Х.Нямбаатарын хэд хэдэн захирамж хэрэгжээд эхэлсэн. Үүний нэг нь зам ашигласны төлбөр болон авто тээврийн хэрэгслийн албан татварыг 2-5 дахин нэмсэн явдал юм. Үүнээс гадна жолоочийн даатгалын нэмэгдэл, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хоног тутамд 5 мянган төгрөг авах, импортоор орж ирж буй машинд Улаанбаатарын дугаар олгохгүй байх, нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй журамлах, торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгт хүрвэл тээврийн хэрэгслийг журамлаж албадан ажил хийлгэх зэрэг жолооч нарт халгаатай шийдвэрүүд ар араасаа гарсаар. 

Үүний хажуугаар тог цахилгаан, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт ёстой л иргэдийн нурууг авч, өдрөөс өдөрт амьдрал нь доройтож байна.

Гэтэл ахиад л төлбөртэй бүс байгуулна, торгууль татвар нэмнэ, журамлана, хорино цагдана, албадан ажил хийлгэнэ гэж иргэдийнхээ халааснаас хумсалж  төсөв бүрдүүлэх нь хэр зохилтой хэрэг вэ.

Иргэд өнөөгийн энэ байдалд хүргэсэн үе үеийн дарга нарын буруу үйлдлийн төлөөсийг улсаараа татвар, торгууль нэрээр төлөх ёсгүй.