"Пагмадулам" киноны эргэн тойронд өрнөөд буй шүүмжлэлийн хүрээнд Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжинтэй ярилцлаа.
Пагмадулам киноны тухайд та ямар байр суурьтай байна вэ?
Энэ киноноос болж нийгэм даяараа тэсэрлээ шүү дээ. Олны танил болсон жүжигчин, найруулагч нарынхаа нэр хүндэд халдаад байна гэж хуурай магтаал урсгаад сурсан байна. Аливаа ард түмэнд төрөлх язгуурын чиг шугам, хэзээ ч алдагддаггүй үндэстний мэдрэмж үзэл санаа үйлчлээд тэр нь амь бөхтэй яваад байдаг.
Пагмадулам киноны тухайд магтаал сайшаал гэж хэлмээргүй байна. Магтаал ярих гэж байгаа бол эвлүүлэгч, зураглаач, найруулагчийн гаргах гээд байгаа санааг тодорхой хэмжээнд ярьж болно.
Аль аль талаас нь түүхийн хувьд болон орчин үеийн залууст нөлөөлөх нөлөөллийнхөө хувьд маш муу кино болсон гэж би хувьдаа үзэж байгаа.
Энэ бол ганцхан миний үзэл бодол биш, үзэгчдийн 90 хувь нь тэгж хэлж байна. Пагмадулам гэдэг кино бол Монголчуудын олон язгуур эрх ашгийг зөрчсөн.
МЭХ-ны Ерөнхийлөгч та хоёрын дунд болсон маргааны улмаас таныг ингэж шүүмжилж байна гэж ярих хүмүүс байна?
Нэгдүгээрт Улаанцэцэг кинон дээр хамтарч ажилласан нь үнэн. Тэр киноны эх зохиолыг би анхлан бичсэн. Зохиолоо биччихээд үзэхэд 2 цаг 5 минутын киноны 1 цаг 50 минутад нь энхрий хайрт нам минь гэдэг агуулгаар дүүрсэн байсан. Гэтэл бид тэр кинонд төрд зүтгэж буй эмэгтэй хүнийг гаргахыг зорьсон Тэгээд би тэр киноноос нэрээ татна гэдгээ илэрхийлсэн байдаг. Нэгэнт миний зохиол дээрээс авсан учраас зөвлөх гэж оруул гэж би өөрөө зөвшөөрсөн.
МЭХ гэдэг байр ч үгүй, төсөв ч үгүй жижигхэн төрийн бус байгууллага. Оюунгэрэлийн хувьд тэр байгууллагаар дамжуулж хийх ашиг сонирхлын олон зүйл байгаа байх. Тэр байгууллага аль эрт Монголын эмэгтэйчүүдийн хувьд үүргээ гүйцэтгэхээ больсон. Би Б.Оюунгэрэлийг тоож бичиж байгаа нь их юм.
Таньдаг хүн байтугай найз нөхөд, хамаатан садан дотны хэний ч өмнө танилын нүүр халуун биш хүйтэн шүү.
Үнэнийг шууд хэлж чаддаггүйгээсээ болж өнөөдөр кино урлаг ямар түвшинд унчхаад байж байгааг харж байна.
Киноны тухайд суурь судалгаа дутуу байна уу, Хятадын хөрөнгө оруулалтын асуудлаас үүдсэн гуйвуулалт байна уу?
Аль аль нь. Д.Нацагдоржид Сүн Үг Үкүнээс санаа аваад, сургамж аваад бичсэн зохиол байдаг юм уу? Монголчууд бүгд мэднэ, байхгүй шүү дээ.
Тайзан дээрх бэлэн бүтээлтэй хүний бүтээлийг гаргахгүй хэрнээ хаа байсан Сүн Үкүнийг гаргаж байгаа юм.
Миний бухимдаад байгаа шалтгаан бол үүх түүхээ хайрлахгүй байгаад бухимдаж байна. Зохиолч хүн өөрийнхөө бүтээлийн сөрөг дүрийг ч хайрлаж бичдэг. Сөрөг дүрээ үхүүлчхээд харамсдаг, хямардаг. Гэтэл орчин үеийн үндэсний утга зохиолыг үндэслэсэн хүнээ, түүний галыг асааж сэтгэлийг татаж хайрыг хүлээж явсан бүсгүйг яагаад хайрлаагүй юм бэ?
Пагмадулам киног нийтээрээ шүүмжилж байна. Хариуцлагын асуудал яригдах ёстой юу?
Хариуцлагын асуудалд мэргэжлийн байгууллага нь дугарах ёстой гэж бодож байна. Түүхийн академийн эрдэмтэд, судлаачид дуугарах хэрэгтэй. Соёлын яамтайгаа уулзаж асуудлаа шийдэх хэрэгтэй.
Энэхүү киногоор дамжуулж залуу уран бүтээлчдэд цочроо өгөөсэй гэж бодож байна. Ард түмнийхээ мэдлэгээс айж амьдар. Ард түмнээсээ илүү судал, ард түмнээсээ илүү судал, ард түмнээсээ илүү тэр сэдвээр амьсгал. Тэгээд дараа нь бүтээл хийчхээд гарга гэж хэлмээр байна.
Хоёр ном бүтэн уншаагүй байж том том сэдэв барьж авч түүхэн зохиол болгож байна гээд дахиж битгий хэлмэгдүүлээд бай.
Дэлгэрэнгүй үзэх: