Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.10 16:51
4091
Хосе Мухика: “Би үхэж байна. Одоо намайг тайван орхи”

“Миний цаг дуусжээ. Зүгээр л би үхэж байна. Дайчин эр амралтаа эдлэх эрхтэй” хэмээн Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика Búsqueda сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэрээ хэлжээ.

89 настай Мухика өнгөрсөн дөрөвдүгээр сард улаан хоолойн хавдартай болох нь тодорхой болсноос хойш хэд хэдэн мэс засал, эмчилгээнд оржээ. Хавдар өсөж биеэр нь тархсан, дахиад эмчилгээ хийлгэхгүй гэж шийдсэн гэдгээ мэдэгджээ.

Тэрээр, “Улаан хоолойн хавдар элгийг минь идэж устгаж байна. Одоо тэрнийг юу ч зогсоож чадахгүй. Яагаад? Яагаад гэвэл би хөгширчээ, надад өөр хоёр ч архаг өвчин байна. Одоо надад ямар ч химийн эмчилгээ зохихгүй, мэс засал ч хэрэггүй болсон. Миний бие дийлэхгүй” хэмээн Мухика ярьжээ. Уругвайн хамгийн алдартай удирдагч, Латин Америкийн хүлээн зөвшөөрөгдсөн лидер Хосе Мухика “Намайг одоо тайван орхи гэж гуйж байна. Ярилцлага авъя энэ тэр гэж битгий холбогдоорой” хэмээн ярьжээ.

Ерөнхийлөгч байхдаа цалингийнхаа 90 хувийг буяны санд хандивлаж, төрийн тэргүүний албан өргөөнд бус, зуслангийн даруухан байшиндаа эхнэрийн хамт ногоо тарьсан шиг амьдарч “дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч” хоч авч байсан Хосе Мухика Уругвайн эдийн засгийг сэргээж, дундаж уругвай иргэний амьдралыг Латин Америктаа тэргүүлэх зэрэгт хүргэсэн гарамгай удирдагч юм.