Утаа, утаа, бас дахиад л утаа. Үнэндээ залхмаар ч гэлээ орхих аргагүй сэдэв. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л жилд дунджаар 1400-4000 орчим хүн агаарын бохирдлоос улбаатай өвчнөөр нас барж байна. Үүний 15 хувь буюу 210-600 орчим нь хүүхэд гэсэн судалгаа гарсан байдаг. Ер нь уушгины үрэвсэл, хатгалгаанаас болж нас барж байгаа хүүхдүүдийн 50 хувь нь утаанаас улбаатай гэсэн ДЭМБ-ын судалгаа ч бий. Энгийн нүдээр харахад л жилээс жилд агаар дахь бохирдол улам л өтгөрсөөр байгаа. Хот дотроо утаа нь арай сийрэг байсан Зайсан, Яармаг орчимд гэхэд л өнөө жил хотын хойд хэсгээс дээрдэх юмгүй болсон. Энэ янзаараа бол ойрын 10-15 жилийн дотор утаанаас үүдэлтэй уушгины хорт хавдрын өвчлөл монголд “тэргүүлэх” болно гэдгийг эмч, судлаач нар анхааруулж буй.
Утаа гэхээр л бид нүүрс, зуух ярьдгаа одоо болимоор байна. Өнгөрсөн хугацаанд утаагүй түлш, утаагүй зуух гэх мэт төсөл хөтөлбөрүүдэд улс, нийслэлийн төсөв болон Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн банк, Япон улсын Засгийн газар /JICA/, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP) зэрэг олон улсын байгууллагуудаас нийт 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэвч байдал дээрдэх нь битгий хэл бүр дордож, улаанбаатарчууд өтгөн манан дунд өмнөх замаа тэмтчих нь холгүй бэдэрч явна.
Тэгэхээр юуны өмнө утааны эх үүсвэрүүдийг эргэн санаж, эрэмбэлье. Улаанбаатарын агаарын бохирдол нь хэд хэдэн эх үүсвэртэй бөгөөд эдгээр нь улирлын чанартай өөрчлөгддөг. Өвөлдөө хамгийн өндөр буюу 40-50 хувийг эзэлдэг эх үүсвэр бол гэр хорооллын оршин суугчдын хэрэглэж буй нүүрс. Нүүрсний утаа нь тоосонцор, азотын оксид, аммиак, нүүрсхүчлийн хий гэх мэт олон янзын хорт бодис агуулдаг, эдгээр нь агаарын чанарт маш сөргөөр нөлөөлдөг. Удаах нь тээврийн хэрэгслийн үүсгэж буй бохирдол. Энэ нь 30 орчим хувийг эзэлж байгаа гэдгийг хотын дарга Х.Нямбаатар саяхан хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө онцолж байсан. Авто машинаас гардаг утаа нь нүүрсхүчлийн хийн ялгаралт хамгийн их байдаг юм байна. Гуравдугаарт, Улаанбаатарт байрлаж буй цахилгаан станцууд болон зарим нүүрс хэрэглэдэг аж үйлдвэрээс ялгарч буй утаа 10-15 хувийг эзэлж байна. Түүнчлэн түймэр, цөлжилт гэх мэт агаарын бохирдолд сөргөөр нөлөөлдөг бусад хүчин зүйлс ч бий.
Тэгэхээр агаарын бохидолд нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгахын тулд юуны өмнө гэр хороооллын оршин суугчид хэрэглэж буй нүүрсний утааг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. Утаагүй түлш, утаагүй зуух нэрийн дор хэрэгжүүлсэн төслүүд үр дүн өгөөгүйг өмнө дурдсан. Тэгэхээр утаа гаргадаг янданг хэрэглээнээс гаргах нь хамгийн үр дүнтэй байж болох юм. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлт.
2012-2016 оны хооронд АН засаглаж, Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга байх үеэс “дахин төлөвлөлт” гэдэг нэр томъёо монголчууд бидэнд танил дотно болж эхэлсэн. Санаа нь зөв байсан ч менежмэнтийн алдаа, төрийн ажлыг төрлийн завхрал болгосноос үүдэж, утааг арилгах төсөл нь өөрөө утаа болон замхарсан.
Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг нь гэр хорооллын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол байгуулахаас эхлээд гэр хорооллын өрхүүдийг одоо байгаа сууцыг нь өөрчлөхгүйгээр халуун, хүйтэн ус, цэвэр, бохир усны шугам буюу инженерийн дэд бүтцэд холбох, мөн төвлөрсөн дэд бүтцээс хамааралгүйгээр тархмал байдлаар шийдсэн инженерийн шугам сүлжээ гээд олон талт асуудал байдаг.
Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ өмнөх алдааг давтахгүй тулд маш сайн төлөвлөн зохион байгуулж, эхлээд дэд бүтцийг нь улсын төсвөөс бэлтгэж өгөх шаардлагатай. Бүх зардлыг зөвхөн хувийн хэвшилд даатгаад орхих юм бол энэ ажил руу зориглож орох компани олдохгүй. Олдсон ч эргээд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, өмнөх бүтэлгүйтэл давтагдах эрсдэлтэй.
Дэд бүтэц гэдэгт инженерийн шугам сүлжээ, зам, харилцаа холбооноос гадна газраа чөлөөлсөн иргэд орон сууц ашиглалтад ортол түр байрлах түрээсийн байр багтаж байгаа юм. Чухам үүнийг шийдээгүйгээс дахин төлөвлөлтийн өмнөх төслүүдэд оролцсон компаниуд ихээхэн алдагдал хүлээсэн. Эхний хэдэн сар, ихдээ л нэг жил түрээсийнх нь төлбөрийг төлж байгаад дийлэхээ байчихдаг. Тэр жишгээр газар чөлөөлсөн бүх өрхийг барилга ашиглалтад ортол зах зээлийн ханшаар тооцогдох байранд байрлуулна гэвэл маш өндөр дүн гарна. Тэгэхээр төр өөрөө ТОСК, НОСК шиг өртгөөр нь тооцож барилга бариулах, эсвэл барилга барьж буй компаниудын багахан хувийг өртгөөр нь тооцож авах зэрэг менежмэнт хийж, түр байр олноор нь бэлдэх хэрэгтэй.
Дараагийн асуудал гэр хорооллын газар доогуурх инженерийн шугам сүлжээг ч мөн төр хариуцах аас өөр сонголт алга, одоохондоо. Одоогоос 12 жилийн өмнө Сүхбаатар аймагт 180 өрхийг шугам сүлжээнд холбож байсан бэлээхэн туршлага бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ор хоосон газар дээр 50 айлын нэгэн жигд хашаа хатгаж, инженерийн шугам сүлжээнд холбож, мөн гэр хорооллын 100 гаруй өрхийг сүлжээнд холбосноороо хашаандаа хананаасаа ус гоожуулж, бие засах гэж гадагш гүйх шаардлагагүй болсон байдаг. Энэ нь өмчлөлийн газар дээрээ өөрийн тааваар амьдрах гэсэн иргэдийн ашиг сонирхолд нийцэх хувилбар. Тухайн хороо, гудамжны иргэдийн олонх буюу 65-аас дээш хувийн нэгдсэн шийдвэр дээр үндэслэн хэрэгжүүлж болно.
Тэгвэл яагаад заавал гэр хороололд орон сууц барих ёстой гэж, шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол байгуулвал ядаж л газрын маргаангүй, олон өрх орон гэрээ чөлөөлөн хэсүүчлэх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлэх хэсэг байдаг.
2013 оноос хойш ипотекийн зээлд 120 мянган өрх хамрагдаж, 7,7 их наяд төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Дээрх өрхүүдийн 60 хувь нь дахин ипотект хамрагдаж хоёр, гурав дахь байраа авсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр өрөөгөө гурван өрөө болгож томруулах эсвэл үр хүүхдээ тусад нь гаргах эсвэл илүү байртай болж түрээслэх гэсэн өрхүүд гэж ойлгож болно. Яг гэр хорооллоос орон сууцанд ороод, утаатай яндангийн тоог бууруулсан өрхийн тоо 40 орчим хувийг эзэлдэг гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байсан. Тэгэхээр ипотекийн зээл зорилтот бүлэгтээ төдийлөн хүрч чадахгүй, дээр нь гэр хорооллыг чөлөөлөх бус шинэ суурьшлын бүсэд бетонон ширэнгэ нэмсээр байгаа энэ үзэгдлийг халж, ойрын жилүүдэд зөвхөн гэр хороололд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх зорилт тавин ажиллах шаардлага улсын нийслэлд маань тулгарч байна. Чингэхдээ зөвхөн төрөөс нэхэх бус иргэд буюу оршин суугчид, төрийн байгууллагууд, хувийн хэвшил гэсэн гурван талын харилцан ойлголцож, түншилж байж дахин төлөвлөлтийн амжилттай хэрэгжих боломжтой.
120 мянган өрхөд 7,7 их наяд төгрөг олгосноос тооцоход тэдгээр өрх урьдчилгаанд 3,0 их наяд орчим төгрөг төлсөн байх нь. Гэр хорооллын иргэд орон сууцанд ороход үүсэж буй гол бэрхшээл нь урьдчилгаа төлбөр байдаг. Энэ төлбөрийг бууруулж, 20 хувь болгоод, үүний тал буюу 10 хувийг нь төр буцалтгүй тусламж болгох зохицуулалт хийж өгсөн сөн бол өнгөрсөн хугацаанд утааг арилгах нэрээр хийсгэсэн 1,5 их наяд төгрөгөөр өнөөгийн гэр хорооллын 200 мянган өрхийг бүхэлд нь орон сууцанд оруулчих боломжтой байжээ.
Тэгэхээр цаашид үр дүнгүй төслүүдэд хөрөнгө мөнгө зарцуулахаас эрс татгалзаж, бүх нийтээр нь орон сууцжуулахад хамаг хүчээ төвлөрүүлье гэдэг санаачилгыг үүнийг бичиглэгч би вээр гаргаж байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь саяхан ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайг 50 м.кв-д багтаахаар журамлана гэж мэдэгдсэн. Уг зээлийг зорилтот бүлэгт, илүү олон хүнд хүртээмжтэй хүргэе гэвэл энэ нь ч дээр.
Өмнө дурдсанчлан утааны бусад эх үүсвэрүүдийг ч бид анхаарахгүй орхиж болохгүй. Тээврийн хэрэгслүүдийн үүсгэж буй утааг бууруулах тухайд 10 жилээс дээш насжилттай автомашинд тавих онцгой татварыг нэмэгдүүлэх, нийслэлд шинэ дугаар авах бол Hybrid хөдөлгүүртэй байх гэх мэт шаардлагууд эхнээсээ тавигдаад хэрэгжиж буй.
Цахилгаан станцын тухайд ураны станц байгуулах тухай санал санаачилга гарч, эсэргүүцэлтэй ч тулгарч буй. Өнөөдөр гэр хорооллын иргэдэд нийлүүлж буй утаагүй түлшээ ч зөв хадгалж чадахгүй байгаа, бүх шатандаа хөдөлмөрийн сахилга бат, хариуцлага гэгчийг мэддэггүй монголчууд урантай “ноцолдох” цаг нь арай болоогүй гэж мунхагланам. Харин нар, салхи, усан эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад онцгойлон анаарсан нь өлзийтэй биз ээ.
Өнгөрөгч оны эцэст “Лантуун дохио” бүлгэмийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус утааг арилгах нэрийдлээр зарцуулсан хөрөнгө оруулалтууд болон ойрын ирээдүйд энэ чиглэлээр хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар бодитоо мэдээлэл авах үүднээс хяналтын сонсгол зохион байгуулахыг УИХ, ЗГ-аас шаардаж жагссан. Ямартай ч эхний үр дүн гарч, ирэх сарын эхээр “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт хяналтын сонсгол хийхээр тов нь гарч, маргааш буюу 15-ны өдөр эхний хэлэлцүүлэг төрийн ордонд зохион байгуулагдах нь. Өмнө нь зохион байгуулагдсан хяналтын сонсголуудаас гарсан үр дүн тодорхойгүй ч ямартай тухайн сэдвийн хүрээнд хаалттай байсан олон мэдээлэл нийтэд ил болж, олны хяналтад орж ирдэг нь сайн хэрэг. Энэ сонсголоор ямар ямар нуугдмал асуудал ил болохыг анхааралтай ажиглая!