Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2025.01.14 16:31
1019
Б.Жавхлан: Бага орлоготой хэсэгтээ НӨАТ-ын буцаан олголт, хөнгөлөлтийг илүү их олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартад Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааг хамруулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль батлагдаж эхэлснээс хойш Сангийн яам, Татварын ерөнхий газраас яамдыг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, салбарын сайд нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлага, стандартаа батлаад байна.

“Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан татварын хөнгөлөлтийг Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгаад байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан: Хаврын чуулганаар Татварын багц хуулийн өөрчлөлт шинэчлэлийг өргөн барина. Энэ удаа ЗГ-аас өргөн барих татварын шинэчлэлийн цөм нь өөрөө НӨАТ байх болно. Татварын байгууллагын сүүлийн 10 гаруй жил хөгжүүлж ирсэн И-баримтын систем нь боловсронгуй болсон, олон улсын стандартад нийцсэн. Зарим улс манай И-баримтын жишээг туршлага болгож, биднээс суралцаж байгаа, ийм сайн туршлага болсон. Эдгээр боломжууд дээрээ суурилаад НӨАТ-ын шинэчлэл хийнэ.

НӨАТ төлөгч нарын 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг бүрдүүлж байдаг. Тэгэхээр хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх биш аль болох бага орлоготой хэсэг рүүгээ илүү их НӨАТ-ын буцаан олголт, хөнгөлөлтүүдийг тавьж өгөх товч агуулгатай, цогц татварын шинэчлэлийн хуулиудаа өргөн бөрихаар Засгийн газар бэлдэж байна.