Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэд, ААН-д учруулсан хохирлын талаар нэгдсэн мэдээллийн бааз үүсгэж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ төрийн албан тушаалтнуудын гаргасан буруу шийдвэрийн улмаас сүүлийн таван жилийн байдлаар төрд учруулсан хохирол 60 гаруй тэрбумаар хэмжигдэж байна гэсэн юм.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.”, 103.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-т заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.”, 103.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” хэмээн тус тус заасан байдаг. Тэгэхээр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эл асуудал хэдийнэ хуульчлагдчихсан гэсэн үг. Гагцхүү манайд хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй.
Манайд улс төрийн сонгууль бүрийн дараа эрх баригч намын нөлөөллөөр төрийн алба хаагчдыг хоморголон халдаг жишиг тогтсон. Дараа нь шүүх дээр баахан маргаан үүсэж, нөхөн төлбөрийн асуудал яригддаг. Хууль бусаар халагдсан нь шүүхээр тогтоогдсон ажилтанд дээрх хуулийн дагуу ажилгүй байсан хугацааных нь цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь олгох үүрэг хүлээдэг.
2015 онд батлагдаж, 2016 оны 7 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн эдгээр заалтын хэрэгжилт маш хангалтгүй байгаад өнгөрөгч парламентын гишүүн асан Н.Ганибал шүүмжлэлтэй хандаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьж байв.
Энэ үеэр 2016 оноос 2021 оны 6-р сар хүртэл хууль бусаар ажлаас халагдсан 1535 төрийн тусгай болон жинхэнэ албан хаагчид нийт 11,7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарснаас 1068 албан хаагчид 6,67 тэрбум төгрөгийг улсын төсвийн байгууллага болон ХЗДХ-ийн сайдын багцаас барагдуулсан талаар холбогдох байгууллагууд танилцуулж байв.
Төрд учруулсан хохирлыг нэхэмжлэх үүрэг нь Төрийн албаны зөвлөл болон Аудитад байдаг. Гэтэл ТАЗ 2019-2021 оны хооронд ердөө 29 сая төгрөгийн дүн бүхий 5 нэхэмжлэл шүүхэд гаргаж, үүнээс 9,6 сая төгрөгийг давах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, 8,2 сая төгрөгийн нэхэмжлэлийг буцааж, ердөө 6,8 сая төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гарсан байдаг. Харин Үндэсний аудитын газар 2018-2020 онд нийт 2,8 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, албан шаардлага шүүхэд хүргүүлснээс 576 сая төгрөг төлөгдөж, үлдсэн 2,25 тэрбум төгрөгийн нэхэмжлэл биелэгдээгүй гэсэн мэдээллийг өгч байлаа.
Ийнхүү албан тушаалтнуудын төрд учруулсан хохирол 6,8 тэрбумаар хэмжигдэж байхад холбогдох байгууллагуудаас хохирол барагдуулахаар нэхэмжилсэн дүн, эргэн төлөлтийн дүн ийм их зөрүүтэй. Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр дэндүү хэнэггүй байгаа юм шүү. Энд 2021 оны 6 дугаар сар хүртэлх хохирол яригдаж буй. Харин өнөөдөр О.Алтангэрэл сайдын мэдээлснээр сүүлийн 5 жилийн хохирлын дүн 60 тэрбум давжээ. Гэхдээ мэдээлэл дутмаг учраас нэгдсэн мэдээллийн сан үүсгэх асуудал дахин хөндөгдсөн байна. Уг нь ТАЗ, ҮАГ, ШШГЕГ, ШЕЗ зэрэг байгууллагууд Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудын хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Гэтэл өөр хоорондоо уялдаа холбоогүй, дээр нь нэгдсэн мэдээлэл, ойлголтгүй байгаа нь өнөө л Төрийн залгамж чанарыг алдагдсаныг харуулж байгаа юм. Төрийн бодлогыг залгамжлан хэрэгжүүлэх гол субъект нь төрийн алба хаагчид. Тийм ч учраас улс төрийн сонгуулийн үр дүн, эрх баригч намын нөлөөллөөр төрийн алба хаагчдыг хоморголон халахаас хамгаалж, Захиргааны ерөнхий хуульд дээрх зохицуулалтуудыг хийсэн байдаг, угтаа.