Утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс гурван дэд хэлэлцүүлгийг зохион байгуулна. Үүний хамгийн эхний хэлэлцүүлэг болох “Утаа ба Эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ.
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Өглөөний мэнд хүргэе. Урилгын маань хүлээн авч ирсэн танд баярлалаа. Өнөөдөр утааны сонсголын урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийг та ахалж байгаа шүү дээ. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээлэл өгөөч
Баярлалаа. Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билиг гэж үг байдаг. Гэхдээ олон хэлэхээс нааш шийдвэр гаргагч нар ойлгохгүй байгаа, асар их хүмүүс хохирч, үндэсний аюулгүй байдлын түвшинд заналхийлж байгаа, Монгол улсын ирээдүйд үнэхээр том хар сүүдэр авч ирж байгаа энэ сэдэв бол утаа. Утааг сүүлийн 10 гаран жил идэхтэй ярьж, асар их зардал зарцуулсан хэр нь өнөөдөр бахь байдгаараа байсаар л байна. Арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл бүтэн нэг улирал жирэмсэлж буй эмэгтэйчүүд ургаа алдаж байна. Дутуу төрж байна. Хүний эрүүл мэнд, амь нас хохирч буй асар хүнд сэдэв. Одоо утааны асуудлыг улс төржүүлэхээ болих хэрэгтэй. Цэвэр бодлогын асуудал болгох хэрэгтэй.
Статистик мэдээллээр хоёр хүн тутмын нэг нь ханиад авч байгаа. Дунджаар Улаанбаатарын хүүхдүүд жилд найман удаа ханиад авч байна. Эргээд эрүүл мэндээс гадна, эдийн засаг элгээрээ хэвтэж байна. Утаанаас болж хорт хавдар үүсч байна. Өвөл болохоор л ярьдаг сэдэв байж болохгүй. Мэдээлэл судалгаанд тулгуурласан цэвэр мэргэжлийн шийдвэрүүдийг гаргах цаг болсон.
Хоёрдугаар сарын 3,4-нд Утааны ерөнхий хяналтын сонсгол болно. Сонсголын өмнө гурван дэд хэлэлцүүлэг болно.
Нэгдүгээрт, Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байна вэ? Хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд яагаад заналхийлээд байгаа юм бэ гэдгийг хэлэлцэнэ. Жилд 30 мянган гаруй хүн хорт хавдраар өвчилж, 3000 гаруй хүн хорт хавдраар нас барж байна. Энэ мэт тоо баримтыг судлан шинжлэх хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагт эхэлнэ.
Хоёрдугаарт, Утааны стандарт хяналтын тухай ойлголтыг хэлэлцэнэ. Мянган утаагүй зуух хийсэн ч утаатай зуух байсаар байгаа. Шахмал түлш хийнэ гэдэг эдийн засгийн асар том цавчаа юм биш үү. Өнгөрсөн хугацаанд зарцуулсан олон их наяд төгрөгийг үр дүнтэй зарцуулсан бол гэр хорооллыг тэр чигт нь орон сууцжуулах боломж байсан. Ингээд бодохоор алдагдсан боломж хүний амь нас, эрүүл мэндээр хэмжигдээд байна. Уг хэлэлцүүлэг дараа долоо хоногийн лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 22-нд болно.
Гуравдугаарт, Утааны асуудлын эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн санхүүжилт, хяналт, шалгалт, үр дүнг хэлэлцэнэ. Энэ бодлого буруу яваад байсан юм бол хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө олдог, улс төр хийдэг сэдэв байсан юм уу гэдгийг нягтлах ёстой. Утааны асуудлаар мөнгө идэж, улс төржиж болохгүй. Утааны асуудлаар зөвхөн бодлого, шийдэл, хариуцлага л ярих ёстой.
Утаа бол цурхирмаар сэдэв. Гэлээ гээд халгаад, тойроод, цэвэрхэн мултарна гэдэг зүйл энэ төрд байж болохгүй. Үнэнтэйгээ нүүр тулж, шийдлийг олох хэрэгтэй. Тийм учраас утааны ерөнхий хяналтын сонсголыг хоёрдугаар сарын 3,4-нд зохион байгуулна.
-Өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт хэдэн хүн оролцох хүсэлтэй өгсөн бэ?
Өнөөдрийн хэлэлцүүлэгт 44 хүн оролцох хүсэлтээ өгсөн. Бид бүгдийг нь оролцуулж байгаа.
-Өмнө нь бид хэд хэдэн сонсголыг зохион байгуулсан. Сонсоод л өнгөрдөг сонсгол биш үр дүн гаргадаг сонсгол бидэнд хэрэгтэй. Үр дүнг нь та юу гэж харж байна?
Би утаа, амьдрах орчны аюулгүй байдлын асуудлаар байр сууриа илэрхийлсээр ирсэн. Утаа иргэний эрүүл мэндэд ноцтой заналхийлж байгаа учраас Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд анхаарч ажиллаж байгаа. Утааны асуудлаар хэн ч, хэрхэвч дундаас нь мөнгө цавчих шуналтай байж болохгүй. Тийм хүмүүсийн хоншоорыг нь тас цохих ёстой гэж боддог.
-Агаар орчны бохирдлыг бууруулахаар өнгөрсөн хугацаанд олон тэрбумыг зарцууллаа. Зуухыг нь сольж, янданг нь хөөлж үзлээ. Одоо арай өөр шийдэл рүү шилжиж, гуравдугаар сарын 1-ээс эхлэн баяжуулсан нүүрсийг хэрэглэх гэж байна. Та үүнийг юу гэж харж байна?
Хүн амын талаас илүү хувь нь нийслэлд ямар ч төлөвлөлтгүй шавчихсан. Одоо мянган зуух хийгээд дахиад л мөнгө угаалт болно. Эцсийн арга бол утааны гэр хорооллын янданг байхгүй болгох хэрэгтэй. 170 мянган өрх гэр хороололд байна. Эдгээр өрхүүдийг орон сууцжуулах ёстой. Гуравны нэгийг иргэн өөрөө, гуравны нэгийг ногоон зээлээр, үлдсэн хувийг төр гаргалаа гэж бодоход хямд өртгөөр орон сууцжуулах боломжтой. Ногоон технологийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Аливаа хавдар байлаа гэхэд ямар нэгэн үүдэл эсээс шалтгаант нөхцөлөөр холбогдсон байгаа. Түүний уг үндсийг нь олох ёстой. Хатиг байлаа гэхэд ямар антибиотик үүнийг устгах вэ гэдэг шиг утаа гэх хавдрыг хоргүй түвшинд хэрхэн аваачих вэ гэдэг асуудал дээр нэг долгионд тааруулах ёстой.
Мянган шалтаг тооцоод нэмэргүй. Хөл бөмбөг өшиглөж байгаа юм шиг бие бие рүүгээ ажлыг шидээд байж болохгүй. Барилдаж авч, барьж үзэх ёстой.
-Баярлалаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт нь амжилт хүсье.
Шууд дамжуулалтыг үзэх: