Нийслэл өөрийн өмчдөө хайнга хандаж "эзэнгүй айл" шиг байсныг Аса цирк болон төв цэнгэлдэх хүрээлэнгийн жишээгээр иргэд мэдэх болсон. Энэ мэт менежментийн гэрээгээр төрийн өмчийг хувьчилж, үр бүтээлгүй, хангалтгүй ажиллуулж ирсэн тохиолдлууд ар араасаа гарсаар байна.
Үүний нэг жишээ нь, СХД-ийн 1-р хороололд байрлах “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” юм. Тус төвийг НЗД-ын 2000 оны 12-р сарын 29-ны өдрийн захирамжаар нийслэлийн засаг даргын дэргэдэх уламжлалт ангаах ухааны элэг судлалын төв болгосон байдаг.
Тус төвийг 2008 оны 9-р сараас иргэн Ж.Хатанбаатар менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн байдаг. Гэхдээ менежментийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, 2014 онд тус гэрээг хангалтгүй гэж үзсэнээр цуцалжээ. Гэвч Ж.Хатанбаатар тус шийдвэрийг эсэргүүцэж тус төвийн ажлыг хүлээлгэн өгөхгүй, байгууллагын гэрчилгээ, тамга зэрэг бичиг баримтыг өгөхөөс татгалзсан байна.
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг НЭМГ-ийн захирал томилж, чөлөөлдөг. Гэвч Ж.Хатанбаатар өөрийн хүүгээ тус төвийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг байна. Харин НЭМГ-аас томилсон тушаал шийдвэрийг удаа дараа явуулах хүсэлт гаргасан ч ирүүлээгүй аж.
Менежментийн гэрээ нь тухайн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг багасгах, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, нийслэлээс авах татаасыг буулгах зорилгоор хийдэг.
Гэвч “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” менежментийн гэрээгээр хувьчлагдсан ч дээрх зорилгоо биелүүлээгүй, улам дордсон юм.
Мөн тус төв нь 2008-2013 онд нийслэлээс нийт 3.5 тэрбум төгрөг, 2014-2021 онд ЭМДС-аас нийт 4.1 тэрбум төгрөгийн татаас авчээ. Гэвч өнөөдрийг хүртэл санхүүгийн тайлангаа нэг ч удаа явуулаагүй байдаг байна.
Тус төвд 9 объект бүртгэлтэй байдаг. Тодруулбал, Аж ахуйн барилга 2, гаржийн зориулалттай барилга 2, нийтийн эзэмшлийн хөрөнгө 1, сувилал эмчилгээний төв 2, 1-р хороололд байрлах уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв, СБД-ийн 6-р хороонд байрлах уламжлалт анагаах ухааны элэг судлалын төвийн эмийн үйлдвэрийн барилгууд багтаж байгаа юм.
Тус 9 объектын нийт үнэлгээ нь 2008 оны байдлаар 808 сая 722 мянга 703 төгрөгийн өртөгтэй байжээ.
Харин одоо ахиж үнэлгээ хийлгэвэл дээрх үнэ асар ихээр өөрчлөгдөнө. Тиймээс өнөөдрийн бодит зах зээлийн ханштай нийцүүлэх нь зүйтэй гэдгийг НӨХГ-ын хэлтсийн дарга Г.Тэмүүжин хэлж байсан юм. Гурван шатны шүүхээс менежментийн багийн үйл ажиллагааг хэвийн явуулж, өмч хувьчлах комиссын процессын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шийд гарсан байдаг.
Гэвч менежментийн гэрээ цуцлагдсан ч тус төвийг Ж.Хатанбаатар буцааж өгөхгүй гэж үймээн маргаан үүсгэж, одоогийн байдлаар төр өмчөө буцааж авч чадаагүй байна.
Төр өмчдөө хайнга хандаж, эцэггүй хэдэн өнчин хүүхэд үлдсэн айл шиг байсны гор энэ мэт үйл явдлаар илэрсээр. Төр өөрийн өмчөө буцааж авч чадахгүй шүүх, цагдаа болж, чихрээ булаалгасан хүүхэд шиг уйлж буй нь "өрөвдөлтэй". Төр өмчдөө хүний сэтгэлээр бус эзэн шиг нь хандсан бол дээрх олон асуудлууд гарахгүй байлаа.
Шууд дамжуулалт: