Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.01.15 12:36
1905
Шилний цаанаас чихэр долоолгож буй мэт бүтээн байгуулалт нэртэй “үзүүлэн”-гээр иргэдээ хэдий болтол хуурах вэ

Шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг шиг бүтээн байгуулалт нэртэй үзүүлэнд иргэд хууртахаа болиод удаж буй. Сонгуультай жил олон ч сайхан бүтээн байгуулалт хийгдэж, дарга нар маасайтал инээж тууз хайчилж, иргэд минь гэж уяран хайлалдсаар зуныг үддэг. Гэвч эдгээр бүтээн байгуулалтуудын яг хэд нь иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлдэг бол гэдгийг та мэдэх үү. 

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангар зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Харин өнгөрсөн оны 5-р сарын 8-нд тус төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 битүү, 17 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад орууллаа хэмээн тайз, индэр засаж, тууз хайчилж тун ч сүртэй нээлт хийсэн. Гэвч тус бүтээн байгуулалт өнөөдөр ч иргэдэд үйлчилж эхлээгүй байна. 

Тус асуудлын талаар Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Э.Галбадрахаас тодруулахад: Өнгөрсөн 5-р сард ашиглалтад орсон ч нийслэлээр дамжиж Нийтлэг үйлчилгээний газарт 12-р сард ирсэн. Гүйцэтгэгч компани нь хүлээлгэж өгөхгүй байсан. Тендерээр гүйцэтгүүлсэн компани болохоор хүлээж авах асуудал сунжирсаар байгаад өдий хүрсэн байх. Одоо л ашиглаж эхлэх гэж байгаа. Сантехникийн бага зэргийн ажил нэмж хийгдэхээр байгаа. Гүйцэтгэгч компани цахилгаан тень тавьчихсан учраас тог тасраад буцаж ирэхээр тениэр ажиллахгүй байгаа. Тус асуудлыг шийдэж дуусгаад энэ 7 хоногтоо багтаан ашиглалтад өгнө. Ашиглалтад өгснөөр иргэд дулаан орчинд автобусаа хүлээх боломжтой болно гэлээ. 

Харин битүү автобусны буудал болон бүтээн байгууламжуудын талаар иргэдээс тодруулахад: Өвлийн хүйтэнд ашиглалтад орчихвол их зүгээр байна. Хүүхэдтэй хүмүүс ороод дулаацна. Яагаад ашиглалтад орохгүй байгааг мэдэхгүй байна. Тэнэмэл хүмүүс ороод амьдарчихдаг гээд нээсэн байсан газруудыг нэг хэсэг хаасан гэж хүмүүс ярьж байсан. Энэ битүү автобусны буудлын зогсоол хаа сайгүй л хаалттай байгаа. Манай гэр 21-р хороололд байдаг. Тэр хавиар байдаг нь ч дандаа л хаалттай байдаг. Байнга цоожтой, байдаг. Автобус эцсийн буудал дээрээ ирчхээд явахгүй удаан хүлээдэг. Энэ ашиглалтад орчихвол иргэдэд их хэрэгтэй байна. 

Энэ мэт хэдэн тэрбумаар нь тендер зарлаж бүтээн байгуулалт эхлүүлдэг ч иргэддээ хүрч үйлчилж чадахгүй байх тохиолдол элбэг гарч байна. Тиймээс бүтээн байгуулалт нэр дор оромдоглож хаяхаа болих л хэрэгтэй. Төсвийн мөнгө уйлдаггүй гээд иргэдийн хөлс хүчээ шавхан байж олсон цалингаас авсан татварыг  хуруун салаагаараа урсгаж буй эрхмүүдтэй хариуцлагын асуудал ярих ч шаардлагатай байна. Сонгуультай жил эхэлсэн бүтээн байгуулалт сонгуулийн өмнө л уламжлал ёсоороо дуусах байх даа. 

Шууд дамжуулалт: