Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.15 14:56
1015
Нас барсан иргэний хувьцааг хэрхэн өвөлж авах нь одоогоор тодорхойгүй байна

Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш, хүртээмжтэй олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор  “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд эзэмшүүлэх, Монгол Улсын иргэдэд олгосон хувьцааг энгийн хувьцаанд бүртгэх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн.

"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.

Харин 2024 онд 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашгийн эхний хэсгийг буюу 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 121,500 төгрөгийг шинэ он гарахын өмнө иргэдэд олгосон. Тэгвэл үлдсэн ногдол ашиг болох 200 мянга гаруй төгрөгийг хэзээ олгох вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Ногдол ашигтай холбоотойгоор нас барсан иргэний хувьцааг яах талаар асуулт хөвөрдөг. Аливаа хувьцаат компанийн хувьцааг эзэмшигч нь нас барсан тохиолдолд өв залгамжлагч нь брокерын компанид хандан хувьцааг авах боломжтой.

Харин "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн хувьцааг одоогийн байдлаар өвлөн авах боломжгүй байгаа ч тухайн иргэний нэр дээр хадгалагдсан байгаа. Зохих шийдвэрийг Засгийн газар гаргана гэж "Эрдэнэс тавантолгой" ХХК-аас мэдээллээ.