Э.Ирэхбаяр
Редактор
Байгаль орчин
2025.01.15 16:47
2473
Д.Сүнжид: 2017 онд эхлүүлсэн “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн 87 хувь нь хэрэгжээгүй

“Агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэгт төрийн ордонд үргэлжилж байна. ХЭҮК-ын дүгнэлт, саналыг танилцуулсан тус хорооны дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.

 

ХЭҮК-оос гаргасан “Агаар орчны бохирдол” илтгэлийг дүгнээд хэлвэл...

ХЭҮК-оос жил бүр тулгамдсан асуудлыг сонгон илтгэл бэлтгэж, УИХ-д тавьдаг. Өнгөрөгч жил “Агаар орчны бохирдол” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Агаар, хөрс, ус, орчны бохирдол маш дорой байна гэсэн дүр зураг гарсан. Үр дүнд нь нийтээрээ эрүүл мэндээрээ хохирч байна. Амь насаараа хүртэл хохирч байна. Тиймээс энэ утааны хоруу чанарын эсрэг арга хэмээ авах хэрэгтэй.  

Бид илтгэлдээ шалтгаан нь юу юм бэ, ямар арга хэмжээ авсан юм бэ, одоо  байгаа төлөв байдал, статистик нь юуг илэрхийлж байгаа юм бэ гэдгийг дүгнэж, эх үүсвэрийг нь тооцсоны үндсэн дээр өмнөх хөтөлбөрийг үнэлж, шинэ арга хэмжээний хөтөлбөр дэвшүүлсэн. Тодорхой хэмжигдэхүйц байдлаар арга хэмжээ аваач гэсэн санал хүргүүлсэн.

2017 онд “Агаар-орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.  Дунд хугацааны явцад дүгнэхэд 87 хувь нь хэрэгжээгүй байсан. Ийм байхад яаж агаар цэвэрших вэ дээ.

Одоо дахин шинээр үнэлж, цаашид яаж явах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Гал унтраасан бадлаар явахаа л болих хэрэгтэй байна. Бүх нийтийн эрүүл мэндтэй холбоотой энэ асуудлаар төр, хувийн хэвшил, ОУБ-ууд хамтарч, маш оновчтой гарц гаргалгаа олж, маш тодорхой төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид утаа хортой шүү гэдэг мэдээжийн зүйлийг яриад сууж байгаа нь маш эмгэнэлтэй байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй нас барж байгаа хүмүүсийн тоон мэдээлэл ч зөрүүтэй байдаг. Энэ тал дээр баталгаатай эх сурвалж бүхий мэдээлэл өгнө үү?

НҮБ-ын Хүн амын сангаас агаарын бохирдлын нөлөөллөөр жилд 300 орчим хүн нас барж байна. Хөгжлийн бэрхшээтэй иргэд, ахмад настнууд, хүүхдүүд хамгийн ихээр өртөж байна гэдгийг тогтоосон. 0-5 насны хүүхдийн уушги бүрэн хөгжөөгүй байдаг тул агаарын бохирдлоос үүдэн өвчилж, улмаар нас барах шалтгаан болж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болох нэг шалтгааны болоод буй.

Тэгэхээр өнөөдөр асуудал байна уу гэж ярих нь ямар ч утгагүй. Харин өнөөдөр ямар арга зам байна, хэн манлайлах вэ, хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг шийдэл дээр төвлөрөх хэрэгтэй байна. Мэдээж, Засгийн газар манлайлах ёстой. ХЭҮК бол хуулийн хүрээнд илтгэл тавьдаг. Түүний мөрөөр УИХ-ын 37 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоолын дөрвөн заалт нь агаар, орчны бохирдлын эсрэг арга хэмжээ авахыг даалгасан байгаа. Бид араас нь шаардана, зөвлөнө.