Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.01.16 11:59
2608
Хохирлын дүн дээр хүү, торгууль, алданги тооцдог зохицуулалт байхгүй нь луйварчдыг өөгшүүлж байна

Монголд ямар нэг гэмт хэрэг хийсэн хүмүүс, ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын хэрэг шүүхээр шийдэгдтэлээ нэлээд сунжирдаг бас хэрэгсэхгүй болгох нь ч түгээмэл. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярилцага өгөхдөө “ Авлигатай тэмцэхэд саад болж байгаа бул хар чулуу бол шүүх, шүүгч. 8000 гаруй хэрэг дээр АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 3000 гаруйг нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, эцэст нь шүүхээр ердөө 700 гаруй хэрэг шийдвэрлэгдсэн байна. Т.Бадамжунайгийн хэрэг хоёр жил үргэлжилсэн. Зарим авлигын хэргийг шийдэхэд 10 гаруй жил сунжирсан. Гэтэл зарим хүнийг 24 цагийн дотор баривчлах шийдвэр гаргаж байна. Шүүхийг үнэлж дүгнэхэд энэ хангалттай биш үү!” хэмээн ярьсан. Хууль зүйн сайдын дурдсан тоон мэдээллүүд Монголын шүүх хангалтгүй ажиллаж байгааг харуулсан нотолгоо гэж үзэж болох юм.  Шударга ёсыг дээдэлж, хуулийг сахиулах үүрэгтэй ч улс төрчдөөс томилогддог шүүх өөрөө улс төрөөс хараат бус оршин тогтнож чадахгүй, ихэнх хэргийг замхруулж байгаа нь том эмгэнэл.

 

Ийнхүү маш их сорилт, саад бартааг давж, урт хугацааг туулсны эцэст шүүхээр шийдвэрлэгдлээ гэхэд дараа нь тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх нь мөн л явдалтай. О.Алтангэрэл сайд мөнөөх ярилцлагадаа “Монголын шүүх 2017 оноос хойш 2000 гаруй гэмт хэрэгт холбогдсон хүмүүст ял завших боломж олгосон” хэмээн мэдэгдсэн. Энэ баримтыг анх удаа дэлгэж байгаа бөгөөд хамгаалах болно гэдгээ ч онцолсон.

Иргэдийн эсрэг шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл дунджаар 3 сартай, томоохон дүнтэй ААН-үүдтэй холбогдох маргаан илүү сунжирч, 5-6 жил хүртэл үргэлжилж байгааг өчигдөр /2025.01.15/ болсон “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хуралд оролцогчид хэлж байлаа.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш хохирлын дүн дээр хүү, торгууль, алданги төлдөг зохицуулалт манайд байхгүй тул шийдвэр гүйцэтгэл сунжирч, хохирогч хохирсон дээрээ нэмж улам хохирдог байдал манайд хавтгайрсан. Нэг талд нь хохирлоо нөхөн төлүүлэх гэж өдөр хоног тоолон хүлээж байхад нөгөө талд нь өөрт байгаа хөрөнгө мөнгөө эргэлдүүлж байгаад хүүгээр нь хохирлыг барагдуулъя гэж хэлэх хүмүүс ч байдгийг шийдвэр гүйцэтгэгчид ярьж байна. Би үхэхээр чи үх гэсэнтэй ялгаа юун.

Тухайлбал, барилга барьж байгаа компаниуд худалдан авагчтай байгуулсан гэрээнд заасан хугацаандаа барилгыг ашиглалтад оруулахгүй, хэдэн жил, сараар сунжруулдаг үзэгдэл манайд түгээмэл. Орон сууц захиалсан иргэд залхаж, итгэл алдрахдаа гэрээгээ цуцалж, урьдчилгаа төлбөрөө авъя гэхээр хэдэн жилийн өмнө төлсөн мөнгөндөө хүү, торгууль бодуулах нь байтугай өгсөн мөнгөө олж авах гэж өчнөөн юм болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр гарч буй бас нэг завхрал нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, бүр үгүй хийх явдал цөөнгүй гарсан. Яруу тод жишээ нь Хадгаламж, зээлийн хоршоодын хэрэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн процесс  яст мэлхий шиг мөлхөж байх хооронд хэрэгт холбогдогсод өөрийн нэр дээрх эд хөрөнгөө бусдын нэр дээр шилжүүлж, ядуугийн дүрд хувирч, хохирол барагдуулахаас зайлсхийдэг “мода” ч дэлгэрсэн.  Нэг жишээ нь “Нарны хүү, сарны охин” хэмээх гоё нэртэй луйварчид байна. Манай “том”-чууд бол угаасан мөнгөө бүр хилийн чинадад зүсийг нь хувиргаж гаргадаг.

Энэ мэтчилэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад гарч буй алдаа завхралыг засаж арилгахын тулд буруу тогтолцоо болон процессын алдаа аль алийг нь засах шаардлагатай байгаа юм. Тогтолцоог засахын тулд Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг захиргааны болон эрүүгийн хэргээс салгах хэрэгтэйг хуульчид хэлж байна. Энэ нь багагүй хөрөнгө мөнгө, хүн хүч шаардагдах ажил тул тийм ч амар шийдчихгүй л байх. Процессын тухайд шүүхээс гаргасан шийдвэр биелж байна уу гэдэг дээр эргээд хяналт тавьж, шахаж шаардаж байх нь зүйтэй болов уу. Энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Иргэний хэргийн шүүхийн процессын хуулийн хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам үйлчилж буй. Тодруулбал, хэрэг бүртгэснээс хойш 14 хоногийн дотор шүүгчид хуваарилж өгсөн байх, шүүхийн шийдвэр гарснаас хойш шийдвэрийн гүйцэтгэлийг 45 хоногийн дотор дуусгах ёстой гэж тусгасан байна. Тэгэхээр хойшид шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс дээр ахиц гарах байх гэсэн хүлээлт үсэж байгаа юм.