Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.01.16 15:48
1621
Ард түмэн мэдлэг, мэдээлэлгүй, харанхуй байгааг ашиглаж, цөөнх нь хөлждөг

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж буй. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчдэд асуулт тавих үеэр дижиталь валют, виртуал хөрөнгийн асуудал хөндөгдлөө.

Дэлхийн санхүүгийн зах зээл дээр үүсэж хөгжөөд 12 жил болчихсон койн, токен гэх мэт виртуал хөрөнгө манай улсад 2021 оноос нэвтэрсэн. Тэр зах зээл рүү түрүүлж орж, тоглож, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан залуучууд койн “үйлдвэрлэн”, монголчууд энэ талаар ямар ч ойлголтгүй байх үед богино хугацаанд их хэмжээний ашиг олж болно гэсэн итгэл төрүүлснээс олон хүн байгаагаа барсан нь саяханых. Бүр орон байр, машин тэргээ барьцаалж зээл аваад, түүнийгээ алдаад, дээр нь банк, санхүүгийн байгууллагуудын хүүнд дарлуулж,  амьдралаа там болгосон залуус ч цөөнгүй бий. Тухайн үед виртуал хөрөнгийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин манайд бүрдээгүй байсан. Эл явдлын дараахан буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ баталсан. Гэвч хууль эргэн үйлчилдэггүй зарчмаар О.Мөнхжин нарын койнчдод ямар ч хариуцлага хүлээлгээгүй.

Хуультай болсноос хойш 2024 оны байдлаар Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 12 компани 875 мянган харилцагчтай хэмээн бүртгэгдсэн бөгөөд тус зах зээлд эргэлдэж буй хөрөнгө 170 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байв. Энэ нь өмнөх оныхоос 2,3 дахин буурсан үзүүлэлт. Мөн тоглогчдын дийлэнх буюу 90 гаруй хувь нь гадаадын виртуал хөрөнгө арилжаалж байгаагаас харахад дотоодын койн, токенд итгэх итгэл эрс буурсан гэж дүгнэж болох.

Ардчилсан хувьсгалын дараа монголчууд Хөрөнгийн бирж, хувьцааны талаар ойлголтгүй байх үед энэ талаар мэдлэгтэй, дээр нь эрх мэдэл, мэдээлэлд ойр цөөхөн хүн иргэдийн хувьцааг хамж аваад, томоохон үйлдвэрүүдэд эзэн суусан түүх давтагдсан гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл, өмч хувьчлалыг зохион байгуулахдаа иргэдийг мэдлэгжүүлээгүйгээс ирээдүйд орлого олж, хөрөнгөтэй болох байсан боломжийг хулгайлсан бол койн гаргагчид иргэдийн амьдралынхаа туршид хөдөлмөрлөж хуримтлуулсан хөрөнгийг булааж авснаараа адилхан, аль аль нь ядуурал руу түлхсэн.

Ерөөс ард түмэн мэдлэг, мэдээлэлгүй, харанхуй байгааг ашиглаж цөөнх нь хөлждөг бичигдээгүй хууль бий болж.

Техник, технологи, дижитал ертөнц асар хурдацтай хөгжиж байгаа энэ эрин үед цаашид ч юмс улам хурдан өөрчлөгдөх болно. Тэгэхээр тэр бүхэнд бэлэн байж, араас нь гүйх биш урдаас нь угтаж алхах хурдтай, мэдрэмжтэй байхыг цаг үе биднээс шаардаж байна.