Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.01.16 18:06
2657
Мэргэжлээрээ салбартаа ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчнүүд даргын хамаатан бол “баяртай” гэх нь зөв үү

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2025.01.16/-ийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг шинээр томилж мөн чөлөөлөв.

Нэр дэвшигчдийн нэг, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонорыг төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий хүн гэдэг дээр зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж, санал хураахад 58,9 хувиар дэмжилгүй унагаав.  

Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд “Л.Сонор миний авга дүү гэдэг нь үнэн. Гэхдээ би нөлөөлөөгүй. Хэрэв би нэр дэвшүүлсэн нь нотлогдвол Шадар сайд, намын дарга, УИХ-ын гишүүний ажлаа өгөөд, хариуцлага хүлээе гэж Ө.Шижир гишүүнд хэлсэн. Монголын төрд чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Гэвч Монгол Улс хүний нөөц цөөнтэй. Гэтэл Доржханд гэдэг хүн УИХ-ын гишүүн боллоо гээд тэр хүн өмнө нь ямар ажил хийж байсныг харгалзалгүй, төрд ажиллаж болохгүй ээ гэдэг нь буруу жишиг” хэмээн мэдэгдсэн юм. Олон нийт түүний байр суурьтай холбогдуулан “Сайдын нөлөө ороогүй гэдэг худал. Арьсаа хамгаалж байна” гэлцэж байна. Тэрээр мөн эсэргүүцсэн гишүүдэд хандаж, “Та нар дэмжихгүй байгаа бол нэг мөр төрийн албанаас явуулчихаач. Олон улсын байгууллагууд уриад байхад Монголоо бодож л үлдсэн шүү” гэсэн үг чулуудаж, тунирхаад амжсан. 

Асуудлыг нөгөө өнцгөөс харвал, Монгол Улсын иргэн бүр яс үндэс, гарал үүсэл үл хамааран тэгш эрхтэй байхыг хуульчилсан. Гэтэл амьдрал дээр төрийн өндөр алба хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд төрд алба хаахад, ялангуяа дэвшин томилогдоход олон нийтийн эсэргүүцэлтэй тулгардаг. Арга ч үгүй. Гэхдээ энэ тухайд наанатай, цаанатай хандах учир байна.

Өмнө нь тухайн байгууллага байтугай салбарт нь ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус хүнийг хэн нэгний нөлөөллөөр дээш “крандсан” бол хүлээн зөвшөөрч боломгүй. Харин мэргэжлийг нь эзэмшээд, төрд ажиллаж байсан, дээр нь үнэхээр мэдлэг, чадвар, туршлагатай, сэтгэлтэй бол тэр хүн хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтны төрөл садан байхаас үл хамаарч, мерит зарчмын дагуу дэвшин томилогдож яагаад болохгүй гэж гэсэн тэрсүүд бодол төрөв.

Харин улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн гүйцэтгэгчээр төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компанийг сонгохыг үүнтэй адилтган үзэж болохгүй. Энэ бол өнгөрсөн цаг дээр эхэлсэн ажил биш, одоо болон ирээдүй цаг дээр хийгдэж буй болон хийгдэх ажил тул хамаарал бүхий улс төрийн нөлөөлөл ороогүй гэх нь утгагүй. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрвөл “бор зүрхээрээ” зүтгэж буй бусад аж ахуйн нэгжүүдийн боломжийг боомилох төдийгүй төрийн албыг хөлжих гишгүүр болгодог шударга бус байдлыг өөгшүүлсэн хэрэг болно.