Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг “Авто тээврийн үндэсний төв”-ийн сайт дээр дуудлага худалдаагаар борлуулдаг болоод хоёр жилийн нүүр үзэж буй.
Гэтэл “Авто машины улсын дугаар зарна” гэсэн зар хаа сайгүй нийтлэгдэх болсон. Бүр “машины дугаар авна, зарна, солилцоно” гэсэн нэр бүхий фэйсбүүк группүүд ч хэд хэд бий. Тэгэхээр улсын дугаар дамлан борлуулдаг сүлжээ бий болсон гэж дүгнэж болох. Энэ нь АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө оролцдог байж болзошгүй гэсэн шүүмжлэл ч дагуулдаг.
Тэгвэл Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын дугаарын борлуулалтын тайлан, жагсаалт болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
Уг дүн шинжилгээгээр нэр бүхий 10 иргэн олон давтамжтай буюу 4-54 удаагийн дуудлага худалдааны ялагч болсон нь тогтоогджээ. 54 удаа ялж, дугаар авсан иргэн нь Чойжоогийн Энхтуяа гэж хүн байна.
Дуудлага худалдаанд нэг иргэн олон давтамжтайгаар оролцон ялагч болж, тээврийн хэрэгслийн дугаарыг олноор эзэмшиж байгаа нь “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын 1.4, 4.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн байж болзошгүй тул АТГ нь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд Зам, тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлсэн байна.
Дээрх журмын 4.9 дэх хэсэгт “дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй” гэж заасан ч бусад дуудлага худалдаанд оролцох давтамжийг хязгаарлаж өгөөгүй байгаа юм. Тиймээс олон удаа дуудлага худалдаанд оролцож ялсан иргэдийг буруутгах эрх зүйн орчин хараахан байхгүй гэсэн үг. Иймд АТГ-аас журмыг илүү боловсронгуй болгох зөвлөмж өгчээ.
“Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ыг батлах Зам тээвэр, хөгжлийн сайдын тушаал гарснаас хойш зохион байгуулагдсан дуудлага худалдаануудаас 0001УЕВ улсын дугаар хамгийн өндөр үнэ буюу 427 сая төгрөгт хүрч байсан ч тухайн оролцогч худалдаж аваагүй тул дараагийн оролцогчид шилжүүлж, 75.3 сая төгрөгөөр худалдаалж байсан юм