28 жил дамнасан “Орана”-гийн гэрээг хоёр улсын Засгийн газар үзэглэлээ. Ингэснээр Монгол улс дэлхийн зах зээл дээр ураны гол тоглогч болох боломж нээгдэж байна.
Эрчим хүч бол хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй шууд холбоотой. Хэн хүчтэй вэ гэхээр эрчим хүчтэй айл л хүчтэй байдаг. Эрчим хүчийг үйлдвэрлэх гол нөөц манай улсад бий. Үүнийгээ ч ашиглах цаг нь болсон.
Манай улс 2009 онд Цөмийн энергийн тухай хуулиа батлаад ураны салбарт хөл тавьсан боловч хоёр толгойтой ямаа, хор хөнөөл гэж ярьсаар хөгжил дэвшлээс хойш суусан билээ. Бид ураны салбарт хожуу ч гэсэн хөл тавихдаа олон улсын туршлагаас суралцаж, хамгийн аюулгүй, хор хөнөөл багатай арга барилыг ашиглаж байгаа нь давуу тал. 1996 оноос хойш уранаа хөдөлгөж, уналт босолттой явж ирсэн Казакстаны хамгийн зөв шийдэл болох газар доор уусган олборлох аргыг бид ашиглана.
ISL буюу газар доор уусган олборлох арга нь байгаль экологид хор нөлөө багатай, уран олборлоход шалгарсан арга хэмээн салбарынхан нь үздэг.
Энэ нь уусгагч шингэн ашиглан цооног руу шахаж, шингэн чулуулаг дахь ураныг уусгах замаар олборлодог. Ураныг өөртөө уусгасан шингэнийг олборлох цооногоор дамжуулан гадарга руу соруулан гаргаж, гарч ирсэн ураныг уусмалаас салгаж, баяжмал болгох процессоор явна. Ил харагдахгүй олборлолтын арга учир тоос бохирдолгүй, ус болон эрчим хүчний хэрэглээ уул уурхайн бусад төрлийн аргуудыг бодвол хор хөнөөл нь 4 дахин бага байдаг ажээ. Газар доор уусган олборлох аргын хамгийн чухал давуу тал нь хөрс болон ус, орчныг бохирдуулахгүйгээр олборлолт хийдэг байна.
Зөөвч Овоо орд нь дэлхийд сүүлийн 20 жилд илэрсэн 10 том ураны ордын нэг юм.
Ураны төслийг хөдөлгөж буй “Бадрах Энержи” ХХК нь Зөөвч-Овоо ордыг ашиглах ТЭЗҮ- ээ 2015 онд батлуулсан бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалтыг 1.6 тэрбум доллар. Энэхүү төсөл нь уурхайн ашиглалтын 34 жилийн хугацаанд 70 орчим мянган тонн уран олборлоно.
Нэг үгээр Монгол улс 34 жилийн хугацаанд дэлхийн эрчим хүчийг хангана гэсэн үг.
Монгол улс гуравдагч оронтой хийж байгаа хоёр дахь том хэлэлцээр бол “Орана”-гийн гэрээ. Тиймдээ ч өнөөдөр түүхэн өдөр. Түүхэн өдөр гэж буйн шалтгаан нь уг гэрээ манай улсын эдийн засагт, цаашдын олон улсын түншлэлд ч тэр хамгийн том алхам. Бид урагш нэг биш нэлээн хэд алхаж байгаа явдал юм.
“Оюу толгой” төсөл дээр гаргасан алдаагаа давтахгүй байхад анхаарч олон талын судалгааг хийсний үр дүнд төр эзэмших 34 хувийн энгийн хувьцааг тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн тусгай Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр /АМНАТ/-өөр орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцжээ.
Давуу эрхийн хувьцаа нь 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2 тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.долларыг ямар нэгэн эрсдэлгүйгээр төвлөрүүлэхээр тооцоолол гарсан байна.
Ерөнхийдөө Монголын тал алдагдалгүй, бас хариуцлага хүлээхгүй. Баялагаа ашиглуулаад л эдийн засгийн үр өгөөжөө хүртэн нийгмийн асуудлуудаа шийдэх боломж бүрдэнэ гэсэн үг.
“Орана-гийн гэрээ Монголын талд ямар ашигтай вэ?
- Өөрчлөн байгуулах, татан буулгах бүх асуудал дээр Засгийн газрын төлөөлөгч хориг тавих бүрэн эрхтэй.
- Төсөл хэрэгжих хугацаанд төмөр зам, цахилгаан эрчим хүч, автозам гэсэн дэд бүтцийн гурван том ажлыг хийнэ.
- Зүүнбаян төмөр замыг өргөтгөнө.
- 160 км автозам барина. Үүнээс 60 км нь засмал зам байна. Бусад замууд нь туслах чанарын замууд байна.
- Уг төслийн бүтээн байгуулалтын үе шатанд монгол ажилчид 60 хувь, үйл ажиллагаа эхэлснээс хойш монгол ажилчид 90 хувь байхаар гэрээнд заасан. Дээр нь ижил ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс ижил цалин авахаар заасан. Өөрөөр хэлбэл, гадаад, монгол гэж цалингийн ялгавартай байдал тогтоохгүй. Адилхан ажил хийвэл адилхан цалин авна. Тиймээс монголчууд цалингийн 90 хувийг авах боломж бүрдэж байна.
- Хөрөнгө оруулалтын гэрээнд тухайн орон нутгийн хүмүүсээр түлхүү хүний нөөцөө бүрдүүлэхийг тусгасан.
- 1600 ажлын байр шинээр нэмэгдэнэ. Төсөлд ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин 7-12 сая төгрөг байхаар тооцоолж байна.
- Эрчим хүчний хараат байдлаас гарах боломж бүрдэнэ.
- Хүхрийн хүчлийн үйлдвэр болон хог хаягдлын үйлдвэр үйлдвэр барина. Хог хаягдлын менежментэд 400 сая ам.долларыг тусгасан бол хүхрийн үйлдвэрт 96 сая ам.долларыг зарцуулахаар тусгасан байна.
- Орон нутгийг цогцоор нь хөгжүүлнэ. Энэ мэт олон эерэг үр дүн биднийг хүлээж буй.
Ашигт малтмалыг ашигтай үед нь л ашиглах ёстой. Харамлаж, халаглаж суух биш ханцуй шамлаад урагшлах боломжийг Орана-гийн гэрээ олгож байна.