Өнгөрсөн оны 11-р сарын 15-ны өдрөөс цахилгааны тарифт өөрчлөлт орж, үнэ нэмэгдсэн. Эрчим хүчний салбар алдагдалтай, урсгал засвараа ч хийж чадахгүй хэмжээнд хүрч, элгээрээ мөлхөж байгааг нь хэсэг шогширч тус шийдвэрийг гаргасан. Ёстой л "би үхэхээр чи үх" гэж буйтай агаар нэг шийд байсныг иргэд ярьж байна.
Ингэхдээ хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай тарифыг нэвтрүүлсэн. Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцож байгаа.
Гэвч бодит байдал дээр тог цахилгааны үнэ тариф нэмэгдсэн нь иргэдийн амьдрал дарамт учруулж байна гэж хэлж болохоор байна. Тиймээс манай сурвалжлах баг халаалтаа 100 хувь тогоор шийдсэн айлд очиж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
БЗД-т иргэн Т. Тунгашбек, Ө.Алтанбөгж нар 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэд байшингийнхаа халаалтаа 100 хувь цахилгаанаар шийдээд удаж буй. Өнгөрсөн жил сардаа тог, цахилгааны мөнгө нь 300 гаруй мянган төгрөг төлдөг байжээ. Гэвч энэ жил тог цахилгааны мөнгө нэмэгдсэнээр сая гаруй төгрөг гарах болсон. Тиймээс байшингаа тогоор халаахаа больж, буцаж гал түлж эхлэхээс өөр аргагүй болсон талаараа ярьж байсан юм.
Иргэн Ө.Алтанбөгж: Өнгөрсөн жил ч гэсэн манайх халаалтаа цахилгаанаар шийдсэн. Шөнийн тарифтаа ороод хөнгөлөгдөөд 350-380 мянган төгрөг гардаг байсан. Энэ жил цахилгааны үнэ нэмэгдсэнээр сая 100 мянган төгрөг гарах болсон. Энэ дүнгээсээ хөнгөлөгдөөд 750 мянган төгрөгийн төлбөр гарсан. Энэ нь залуу гэр бүлүүдэд маш их хүндрэл учруулж байна. Нөхөр бид хоёр хоёулаа ажилтай тулдаа л төлж байна. Гэвч гэр бүлийн хүмүүсийн нэг нь ажилтай, эхнэр нь нялх хүүхдээ хараад гэртээ байдаг, өндөр гарсан цахилгааны төлбөрөө төлөх чадваргүй иргэд ч байгаа. Манайх хоолоо газ дээр хийдэг.
Тог цахилгаан сүүлийн үед их хэцүү байгаа. Аавынхтайгаа нэг хашаанд амьдардаг. Гэхдээ манай аавынх гал түлж халаалтаа шийддэг. Аавынх плиткээ асаавал манай тог шууд унтарчихдаг. Дараа нь автоматаар тог ирдэг.
Ийм тохиолдол их гардаг , хүүхдүүд тэр үед өлсөж цангах тохиолдол их гардаг. Энэ үед нь газ дээр хоол, цайгаа хийдэг.
Нэг айл ч гэсэн яндангаас салж, утаагүй эко амьдрахыг хүссэндээ л халаалтаа цахилгаанаар шийдсэн. Гэвч цахилгааны мөнгө энэ хэвээрээ нэмэгдээд, төлбөр нь их гараад байвал пийшингээ тавиад галаа түлэхээс өөр аргагүй болж байна.
Хэн л хар нүүрстэй зууралдаад, гал түлээд байя гэж бодох вэ дээ. Манайх шиг халаалтаа 100 хувь цахилгаанаар шийдсэн айлууд бас л над шиг бодолтой байгаа байх. Манай найзынх л гэхэд гал түлдэг ч гэсэн байшингаа яг манайх шиг загвараар барьсан айл байдаг. Тогны мөнгө хэд гарсан талаар надаас асуухад нь би ийм гарсан гээд үнэнээ хэлэхэд, танайх шиг халаалтаа цахилгаанаар нь шийдээгүй нь болжээ гэж хэлсэн.
Энэ мэт халаалтаа цахилгаанаар шийдсэн олон айлууд буцаж гал түлж өвлийн хүйтэнд халаалтаа шийдэхээс өөр аргагүй байдалд хүрсэн талаараа ярьж байна. Гэр хороололд амьдардаг хэдий ч халаалтаа 100 хувь тог, цахилгаанаар шийдэж орон сууцнаас ялгаагүй амьдардаг өрхүүд олон байдаг. Гэвч эдгээр өрхүүд буцаж гал түлж эхэлбэл агаарын бохирдол улам нэмэгдэх эрсдэлтэй. Гэвч элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарт тог цахилгааны үнэ тариф нэмэхээс өөр аргагүй байгаа талаар ярьж байсан. Ийнхүү элгээрээ хэвтсэн салбарын араас ард иргэдийнхээ амьдралыг ч элгээр хэвтүүлэх дахин нэг шийд гарсан нь энэ байлаа.
Шууд дамжуулалт: