Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Гадаад мэдээ
2025.01.20 11:55
728
Ашраф Хакими салалт, өв хөрөнгийнхээ талаар анх удаа ам нээв

Пари Сен Жермейн клуб, Мароккогийн шигшээ багийн тоглогч Ашраф Хакими хоёр хүүхдийнхээ ээжээс хэрхэн салсан болон маргаан дэгдээсэн мөнгө, хөрөнгийнхээ талаар анх удаа ам нээжээ.

Тэрээр тунис гаралтай испани жүжигчин Хиба Абуктай ханилж хоёр хүүхэдтэй болсон. Тэд хоёр жил гарны өмнө салж, Абук өөрт оногдох ёстой хөрөнгийг нэхэмжилж шүүхэд хандсан ч Хакимийн нэр дээр ямар ч мөнгө, үл хөдлөх хөрөнгө байхгүй, бүгд түүний ээжийн нэр дээр байсан нь ил болж бөөн шуугиан дэгдэж байв.

Ашраф Хакими хэзээ нэгэн цагт сална, тэр цагт хүүхдүүдийнхээ ээжид юу ч “хялайлгахгүй” гэж тооцоолоод хамаг мөнгө, хөрөнгөө ээжийнхээ нэр дээр шилжүүлсэн байсан хэмээн хэвлэлүүд түүнийг шүүмжилж байв.

Хөлбөмбөгч залуу энэ талаар анх удаа хэвлэлд ам нээж, Анас Бухашийн Youtube сувагт ярилцлага өгчээ. “Хоёр хүүхдийнхээ ээжээс салах хамгийн хэцүү байсан. Тэр цагаас хойш хоёр жил өнгөрлөө. Аливаа юмыг өөр өнцгөөс хардаг болж, илүү тайван болсон. Экстэйгээ хамт байхдаа одоо бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхөөргүй сонин сонин шийдвэр гаргадаг байж. Яагаад ингэчихэв ээ гэж дараа нь өөрөөсөө асуудаг байлаа. Одоо би ганцаараа байгаа. Гоонь байх сайхан байна” хэмээн ПСЖ-ийн тоглогч ярьжээ. Ашраф Хакими маргаан дэгдээсэн хөрөнгө, мөнгөнийхээ тухай дуугүй байсангүй. “Би хар залуугаасаа л мөнгө олсон. Насанд хүрээгүй байсан болохоор ээж минь хамаг мөнгийг мэдэж, зарцуулдаг байлаа. Ээж минь намайг өсгөх гэж хамаг бүхнээ зориулсан. Чи амжилт олоод ирвэл чиний итгэлийг даах хүн тэр бүр олдохгүй. Ээж бол чамайг мөнгөтэй ч, мөнгөгүй ч хайрладаг хүн. Намайг гэрлэсний дараа ч ээж миний мөнгийг мэдэж зарцуулдаг байсан. Маш сайн, зөв ч зарцуулдаг. Бүхнийг сайн хянадаг. Ийм байхад би тэрийг өөрчлөх гээд яах вэ” гэжээ.

26 настай Ашраф Хакими Францын ПСЖ клубтэй 2026 оны зун хүртэл гэрээ байгуулсан. Тэрээр жилд 14 сая еврогийн цалинтай. Хиба Абук Ашрафийн хөрөнгө, мөнгөний тал нь надад ирэх ёстой хэмээн шүүхэд хандсан ч “үгээгүй ядуу экс”-ээсээ болж энэ асуудал гацаанд оржээ.