Э.Ирэхбаяр
Редактор
Байгаль орчин
2025.01.20 12:15
4647
Буцахдаа чулуугаар нүүлгүүлчихгүйн тулд зөв амьдарцгаах сан

Хүмүүн бид нэг жаран, ихдээ л хоёр жаран туулж амьдарна. Гэтэл нэг байтугай нэлээн хэдэн жаран ч эдэлж үл барах хөрөнгө зөөр цуглуулах гэж наанадаж хүн чанараа гээж, цаанадаж улс орныхоо эрх ашгийг огоорч, нэр төрөө дэвслэн байж, зүтгэх нь олонтаа.

Гэвчиг насны тоо гүйцэж, нөгөө ертөнц рүү одохын алдад юутай байснаараа бус хэн байснаараа дүгнүүлдэг.

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат зуурдаар таалал төгссөн нь олон нийт талцах нэгэн сэдэв болов. Нэг хэсэг нь Монгол Улсыг хорлосон хүний араас эмгэнэн гашуудах илүүц гэж байхад нөгөө хэсэг нь “Монголчууд үхсэн хүний ясыг өндөлзүүлдэггүй юм. Бурхан болоочийг тайван үдэхгүй байгаа хүмүүс бол монгол хүн биш” хэмээн өмөөрч байна.

Анхаарал татсан нэгэн сэтгэгдлээс хуваалцъя. Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ “... Явж явж улстөрчдөөс үхсэн хойно нь ч хариуцлага нэхдэг болж байж эргэж магадгүй юм. Тиймд үүнийг уншиж байгаа Монгол хүн Танд би улстөрчдийн араас гомдолтой бол гомдлоо, нэхэлтэй бол нэхлээ цацаж үдэх эрх өгч байна.” хэмээн бичсэн нь хэдий хатуу сонсогдож байгаа ч гэлээ хариуцлага хамгаас чухлыг сануулсан хэрэг биз ээ.

Ямартай ч манай улс социализмаас капитализмд шилжсэн эхэн үе буюу 1990-1997 онд Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Пунсалмаагийн Очирбатын түүхэн үүргийг өнөөдөр үнэн, зөвөөр нь үнэлэх хэрэгтэй болов уу.

Юуны өмнө Монгол оронд Ардчиллыг бэхжүүлэх үндэс болсон 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлахад  тухайн үеийн төрийн тэргүүн удирдан чиглүүлж, дэмжин ажиллаж байсан. Түүнчлэн Монгол Улсыг олон улсын хэмжээнд Ардчилсан орон хэмээн хүлээн зөвшөөрүүлж, гадаад харилцааг тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Тэрээр мөн 1992 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд  Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай зарлан мэдэгдэж байсан түүхэн гавъяатай. Үүнийг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, хүндэтгэхээ албан ёсоор илэрхийлж байв.

Монголын Засгийн газар уран олборлох шийдвэр гаргаж, галт тэрэг хэдийнэ эхэлсэн энэ цаг үед өнөөдрийг хүртэл улс орноо цацраг идэвхт бодисын хор хөнөөлөөс ангид байлгаж чадсан түүний гавъяаг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Учир нь өнгөрсөн он жилүүдэд Монголын төр бүх шатандаа хариуцлагагүй, хөдөлмөрийн сахилга бат гэгчийг мэддэггүй явж ирсэн. Ийм байхад уран олборлож эхэлсэн бол үйлдвэрлэлийн процесс, хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдахгүй гэсэн баталгаа байхгүй, алдагдсан тохиолдолд хүн ам, хүрээлэн буй орчны эрүүл, аюулгүй байдал зөрчигдөх өндөр эрсдэлтэй байсан юм. Үүний зэрэгцээ дээрх шийдвэр нь шийдвэр нь улс орныхоо аюулгүй байдлыг улс төрийн аргаар бататгах нэг том алхам болж чадсан билээ.

П.Очирбатад хаяглагдах сул тал болох түүний засаглалын үед эхлүүлсэн “Газрын тос”, “Алт” зэрэг хөтөлбөр өнөөдрийг хүртэл асар их хэл ам, маргаан дагуулж ирсэн. Энэ удаагийн амьдралын аяллаа төгсгөхөд нь ч чухам энэ сэдэв л түүн рүү хараал зүхэл чиглэх шалтгаан болоод байна.

Цаашилбал, өмнөх нийгмийн үед бүтээн босгосон ихэнх үйлдвэр хаагдаж, үй олноороо ажилгүйдэлтэй нүүр тулж, эдийн засагт томоохон хүндрэл тохиолдсон нь түүний засаглалын үед хамаарна.  Энэ хямрал нь тухайн үеийн УИХ  болон Засгийн газрын гишүүд, агентлагууд, төрийн өмчит үйлдвэрүүд гээд бүхий л түвшний удирдлагууд чөлөөт эдийн засгийн талаар ойлголт муу, туршлага байхгүй байсантай холбоотой гэж дүгнэж болох юм. Дээр нь “муу эр дайнд хөөрөв” гэгчээр шилжилтийн үеийн сиймхийг ашиглан хөлжихийг хүсэгчид ч төрийн шийдвэрүүдэд сөргөөр нөлөөлж байв. Мөн эдийн засгийн хямралаас улбаалаад нийгмийн халамжийн систем доод цэгтээ тултал доройтсон юм.

Ардчилсан монголын анхны Ерөнхийлөгчийн үйл хэрэг түүхийн шарласан хуудсанд хэрхэн үлдэхийг, цагаан, харын аль нь жин дарахыг цаг хугацааны хүрд харуулна. Өнөөдөр дүгнэх эртдэх хэдий ч зүрхлэн хэдэн үг хэлхэв.

Харин одоо энэхүү бичвэрийн эхэнд өгүүлсэн сэдэв рүү эргэн оръё. Хүн бүр түүхийг бүтээлцдэг. Үе үеийн үй олон хүний хамтран бүтээх тэрхүү түүхийн хуудаснаа таны, миний нэр хэрхэн бичигдэх нь та бидний бодол санаа, үг, үйлдлээс хамаарна.

Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед аливаа улсын түүхийг хөтөлж, чиглүүлж яваа эрхмүүдийн алхам бүр ард түмний нүдэнд ил, нээлттэй байх болсон. Хэрэв буруу замаар будаа тээсэн бол буцахдаа хараал зүхлээр булуулж, чулуу нүүлгүүлэх гашуун тавилан ч угтаж мэднэ гэдгийг экс ерөнхийлөгч өөрийн үхлээр харууллаа. Тэгэхээр зөв хийгээд үнэн л амьдарцгаах сан даа.