Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2025.01.20 12:38
742
Монголчуудын сүсэг, ёс жаягтай үл нийцэх өдрийн цагаар хог хаявал торгох шийдвэр...

Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хориглох захирамж гаргажээ. Тодруулбал 18-21 цагт л хог хаяхыг зөвшөөрөх ба заасан цагаас бусад цагт хаясан тохиолдолд хууль дүрэм зөрчсөн гэж үзэн, торгуулийн арга хэмжээ авах аж.

Энэ талаар тус дүүргийн менежер Н.Сугар: Иргэд хогоо 24 цагийн хугацаанд хүссэн үедээ гаргаж хаядаг. Өглөө 8 цагт хог ачлаа гэж бодоход 8:30-д иргэн хогоо гаргаад хаячихдаг нь бид хогтойгоо л байх нөхцөлийг бүрдүүлж байна. Тэгэхээр 18-21 цагийн хооронд л хогоо хаяна, бусад цагт хаяхгүй байснаар хоггүй байх үндэс болно. ТҮК-ийн ажилчид 21 цагаас хойш бүх хүчин чадлаараа хогоо ачна. 

Хэрэв зааснаас бусад цагт хогийн цэг дээр ч хогоо хаясан бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 30 нэгжээр, аж ахуй нэгжийг 300 нэгжээр торгодог зохицуулалттай" гэв.

Тэгвэл уг захирамж манай улсын хувьд хэр нийцэх вэ гэдэг асуудал яах аргагүй хөндөгдөнө.

Учиг нь Монголчуудын цээрлэх ёсон бол бидний туургатан үүсч бүрдсэн эрт дээр цагаас улбаатай бөгөөд нүүдэлчин ард түмэн ертөнцийг танин мэдэж, ухаарч ирсэн үзэл бодол, итгэл бишрэл, аж төрөх хэв ёс, язгуур зан заншил, сав шим ертөнц хийгээд өвөг дээдэс, ахас ихэс, анд нөхдөө хайрлан хүндлэх хүмүүнлэг сэтгэлийг шингээсэн нэгэн ёсны бичигдээгүй хууль юм. 

Иймийн учир Монголчууд эртнээс цээрлэж ирсэн ёс жаяг, уламжлалаа эвдэж дээрх цаг зааж, оройн цагаар хог хаяхыг тушаасан шийдвэр хэрэгжих нөхцөл бүрдэх эсэх нь тун ч эргэлзээтэй.

Хэдийгээр хүний нийгэм хуульд захирагдаж, дүрэм журмаар зохицуулагддаг ч түүнээсээ ч илүү оюун санааны буюу сүсэг бишрэл, ёс жаягтаа уягдаж явдаг нь ухаант хүний бас нэгэн онцлог нь.

Нөгөө талаараа хүн хэдэн цагт хог хаяхаа хот, дүүргийн удирдлагуудаар заалгана гэдэг хэт өрөөсгөл. Харин түүний оронд хяналтаа сайжруулж, хогийн цэгээс бусад газарт хог хаявал торгоно гэх хууль, захирамжаа эхлээд хэрэгжүүлэх тал дээрээ анхаарах нь зүйтэй болов уу!